Хөвсгөл аймгийн Ханх суманд 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Үүний улмаас үүсэн нөхцөл байдлын талаар тус аймгийн Онцгой комисоос өчигдөр мэдээлэл өгснийг “Хөвсгөл Ард Түмний Телевиз” цахим хуудсаараа шууд дамжуулав.

Шуурхай баг Хөвсгөл аймгийн мөрөн сумын нийтийн орон сууцанд урьдчилсан байдлаар үзлэг хийсэн байна. Ингэхэд хана цуурсан, замаск нурсан, 135 айлын орон сууцны подволын шал, хана цуурсан, 17-18-р байран дээр шавар нурсан асуудлууд байна. Үзлэг хийсэн байруудад нийтлэг ажиглагдаж байгаа зүйл нь хялгасан цууралтууд үүссэн байна. Эцсийн дүгнэлт гараагүй, үндсэн хийцэд нөлөөлөөгүй байна гэж мэдэгдлээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Идэрбаясгалан “Хөвсгөл аймагт сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн газар хөдлөлийн тоог харахад өссөн хандлагатай байна. Цаашид ойр ойр давтагдах магадлал өндөр. Иймд гамшгийг хэрхэн эрсдэл багатай даван туулах тухай төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа.

Аймгийн хэмжээнд 1,750 орчим барилга байгууламж байгаагаас 220 орчимд нь л эрсдэлийн үнэлгээг хийсэн байдаг. Бусад барилгад эрсдэлийн үнэлгээг хийх, шинээр баригдаж буй барилга байгууламжид стандартыг мөрдүүлж ажиллана” гэлээ.

Түүнчлэн газар хөдөлсний улмаас Мөрөн суманд ус, дулааны шугам сүлжээний байгууллагуудад гэмтэл үүсээгүй, үйл ажиллагаа хэвийн байгаа.

Харин аймгийн хэмжээнд учирсан хохирол буюу байшин барилгуудад эвдрэл гэмтэл үүсэн эсэх талаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас “Аймгийн Онцгой комиссоос сумд руу холбогдож мэдээлэл авсан. Иргэдийн эрүүл мэндийн хувьд Ханх сумын Эрүүл мэндийн төвд хэвтэж эмчлүүлж байсан зургаан иргэн, аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 53 иргэнд зүрх дэлсэх, даралт ихсэх зовуурь илэрсэн гэх мэдээлэлтэй байна.

Барилга объектын тухайд Ханх, Ренчинлхүмбэ, Цагаанннуур, Чандмань-Өндөр, Баянзүрх, Түнэл зэрэг суманд ерөниий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байр, цэцэрлэгийн байр, Засаг даргын Тамгын газрын байрны хана тааз цуурсан, цонхны шил цуурсан тухай мэдээлэл ирүүлж байна” хэмээн мэдээлэв.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн