Улсын Ерөнхий Прокурорын газраас хэвлэлийн хурал хийж, Прокурорын байгууллагын 2020 оны бүтэн жилийн хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явц байдлыг танилцуулж байна.
Прокурорын байгууллагаас 2020 онд 31 байгууллагын 10.775 зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавьсан бөгөөд хяналт тавьсан зөрчлийн хэрэг 26,1 хувиар өссөн байна.
Прокуророос нийт 2.256.125 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 467 544 хэргээр буюу 26,1 хувиар өссөн байна. Нийт зөрчлийн хэргийн 1.701.182 буюу 75,4 хувь нь Нийслэлд, 554.943 буюу 24,5 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 97,3 хувийг нь Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан шалгаж, шийдвэрлэжээ.
Зөрчлийн хэргийг шалгасан эрх бүхий байгууллагуудаар нь авч үзэхэд:
- Цагдаагийн байгууллага 2195801 буюу 97,3 хувь,
- Мэргэжлийн хяналт 6561 буюу 0,3 хувь,
- Гааль 871 буюу 0,03 хувь,
- Татвар 3057 буюу 0,1 хувь,
- Гадаадын иргэн харьяатын газар 945 буюу 0,04 хувь,
- Бусад байгууллагууд нийт 48890 буюу 2,1 хувийг тус тус хүлээн авч шалгажээ.
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлт хоёр хувиар өссөн байна
Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн байдал:
- 2230563 буюу 99 хувийг нь шийтгэл оногдуулж,
- 20293 буюу 0,8 хувийг нь шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд шилжүүлж,
- 2693 буюу 0,1 хувийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Эрх бүхий албан тушаалтнаас хялбаршуулсан журмаар газар дээр нь шийдвэрлэсэн зөрчил 21 хувиар өссөн байна.
Газар дээр нь хялбаршуулсан зөрчил 2019 онд 1.756.231, 2020 онд 2.125.899 болсон нь 369.668 буюу 21 хувиар өссөн нь Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсээс телекамерын хяналтаар илрүүлж шийдвэрлэсэн зөрчлийг прокурорын хяналтад бүрэн хамруулсантай холбоотой байна.
Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг прокурор хянаад, хүчингүй болгуулахаар бичсэн дүгнэлт 81,9 хувиар өсөв.
Эрх бүхий албан тушаалтны хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болон зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 2019 онд 515, 2020 онд 937 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 422-оор буюу 81,9 хувиар өссөн бол биелэлт нь 6,6 хувиар өссөн.
Эрх бүхий албан тушаалтны шийдвэрт өөрчлөлт оруулахаар 2019 онд 314, 2020 онд 265 дүгнэлт бичсэн нь өмнөх оны мөн үеэс 49 буюу 15,6 хувиар буурсан боловч биелэлт нь 19,6 хувиар өсчээ.
Прокурор эрх бүхий албан тушаалтны гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаж, хүчингүй болгосон тохиолдол 4,7 дахин өссөн.
Прокурор гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хянаж, хүчингүй болгосон тохиолдол өмнөх оны мөн үеэс 817-гоор буюу 4,7 дахин өссөн.
Зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт буурч, зарим төрлийн зөрчлийн хэргүүд багагүй хувиар өсөв.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 1.983.700 удаа үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1 хувиар, хулгайлах зөрчил 1604 удаа гарч өмнөх оны мөн үеэс 40 хувиар тус тус буурсан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 9516 удаа үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 2919 буюу 2.7 дахин, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 3049 буюу 2.4 дахин өссөн.
Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 2019 онд 14, 2020 онд 1432 гарч 102 дахин өссөн байна.