Киото мужийн Анагаах ухааны их сургууль, Японы Төв эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд ногоон, хар, оолонг (oolong) цайнд агуулагдах зарим био идэвхит нэгдлүүд нь коронавирусийг үүсгэгч (COVID-19) амьсгалын замын цочмог хам шинжтэй коронавирус-2 (SARS-CoV-2) – ын эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлж буйг тогтоожээ.
Дэлхий нийтэд 2020 оны 12-р сарын 7-ны байдлаар COVID-19-ийн батлагдсан тохиолдол 66 сая гаруй байснаас 1.5 сая нас баралт ДЭМБ-д бүртгэгдсэн. COVID-19-р өвчилсөн өвчтөнүүдийн дийлэнхэд нь шинж тэмдэггүй, зарим тохиолдолд цөөн хэдэн шинж тэмдэг илэрдэг ч вируст өртөмтгий (өндөр настан, архаг хууч өвчинтэй) хүмүүсийн дунд өвчлөл хүндрэх эрсдэлтэй байна. Одоогийн байдлаар COVID-19-өөр өвчилсөн хүнд өвчтөнүүдийг эмчлэхэд вирусийн эсрэг эмүүдийг (кортикостероидууд төрлийн эмтэй) хавсарч хэрэглэх нь үр дүнтэй байна. Иймээс SARS-CoV-2-ийн эмчилгээнд нөлөөтэй зарим төрлийн ургамалд агуулагдаж буй хамгаалах, тэсвэрлэх үйлчилгээтэй өндөр идэвхит нэгдлүүдийн талаар олон судалгаа хийгдсэн.
Энэхүү судалгаагаар төрөл бүрийн цайнд агуулагдах био идэвхит нэгдлүүдийн SARS-CoV-2-т үзүүлэх нөлөөг судалжээ.
Судалгааны үр дүнд SARS-CoV-2-ийг хар, ногоон, оолонг (oolong) зэрэг цайны хандаар эмчилснээр вирусийн титр илрэх хэмжээнээс мэдэгдэхүйц буурсан болохыг ажиглав. Эдгээр цайны хандууд нь SARS-CoV-2-ийг идэвхигүйжүүлж, VeroE6 эсийг гэмтээхээс сэргийлж байсан бөгөөд хамгийн өндөр үр дүнг хар цайны ханд үзүүлсэн байна.
Ногоон цайнд агуулагддаг полифенолт нэгдэл EGCG (Epigallocatechin gallate) нь зүрх судас, бодисын солилцоо, мэдрэлийн систем, халдварт өвчин, хорт хавдрын үед эмчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлдэг. EGCG-ийн исэлдэлт нь хар цай, оолонг (oolong) цайнд агуулагддаг полифенолт нэгдлүүд болох TSA (Theasinensin A) ба TFDG (Theaflavin 3, 3’-di-gallate) зэрэг хэд хэдэн мультимерийг үүсгэдэг байна.
EGCG, TSA, TFDG полифенолт нэгдлүүд нь вирусийн эсрэг үйлчлэл үзүүлж байсан бөгөөд TSA, TFDG нь EGCG-ээс харьцангуй өндөр идэвхи үзүүлсэн. Мөн TSA ба TFDG нь SARS-CoV-2-ийн рипликаци эрс бууруулсан болохыг тогтоожээ.
Хэдэн аяга цай уух нь цусан дахь вирусын эсрэг үйлчилгээг нэмэгдүүлэхэд хангалтгүй боловч цайнд агуулагдах EGCG, TSA, TFDG зэрэг нэгдлүүд амны хөндий, ходоод гэдсэнд хамгаалалтыг бий болгож SARS-CoV-2-оос урьдчилан сэргийлэхэд тустай гэж эрдэмтэд үзэж байна.
Эх сурвалж: www.news-medical.net, www.biorxiv.org
Бэлтгэсэн: Э.Амарзаяа, Х.Билгүүн