Судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эс Ай Си Эй” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд COVID-19 цар тахлын үеийн хатуу хөл хорионы үед албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нөхцөл байдлын талаар судалгаа хийсэн байна.

Судалгаанаас харахад албан бус хөдөлмөр эрхлэгчдийн орлого хатуу хөл хорионы үед 97 хувь буурсан, 3/4 нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээрийн 26 хувь нь цаг хугацаандаа бүтэн болон тодорхой хөнгөлөлт эдлэн түрээсийн төлбөрөө төлсөөр байгаа бол үлдсэн хэсэг нь түрээсээ төлөх боломжгүй нөхцөлд орсон байна. Мөн гэр бүлээр хамтран ажиллах байдал түгээмэл байсан ба 40.0 орчим хувь өөрөөсөө гадна дунжаар 4 ажилтан ажиллуулж байсан бөгөөд хатуу хөл хорионы үед ажилтнуудаа цалингүй амраасан тохиолдол их байна.

Судалгаанд оролцогчдын 61.6 хувь нь зээлтэй байгаа бөгөөд тэдгээрийн 55.7 хувь нь зээлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөлд орсон байна.

Ингээд судалгааны дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцъя:

Хатуу хөл хорионы үеийн хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал

Судалгаанд үсчин, гоо сайхан, Нийтийн хоол, хүнснээс бусад жижиглэнгийн худалдаа, авто засвар үйлчилгээ болон бусад такси үйлчилгээ, оёдол, бариа засал, барилгын засалч, гагнуур, гар урлал, мужаан, зурагчин, сүлжээний бизнес эрхлэгч гэх мэт нийт 385 иргэнийг хамруулжээ.

Судалгаанд хамрагдсан арван иргэн тутмын дөрөв нь гэр бүлийнхээ гишүүнтэй хамтран хөдөлмөр эрхэлдэг байна. Энд эхнэр эсвэл нөхөртэйгөө хамтран ажилладаг хэлбэр нь бусадтайгаа харьцуулахад их байна.

Нийт оролцогчдын арван иргэн тутмын дөрөв нь өөрөөсөө гадна ажилтан цалинжуулдаг байна. Ажилчидтай гэж хариулсан 43.4 хувийн цаана нийт 659 ажилтан, нэг албан бус хөдөлмөр эрхлэгчийн цаана дөрвөн ажилтан тус бүр байна. Энэ хатуу хөл хорионы үед ажил олгогч нь ажилтнуудаа цалингүй амраасан тохиолдол их байгаа нь төдий хэмжээний ажилчид орлогогүй болсныг харуулж байна.

Хатуу хөл хорионы улмаас албан бус хөдөлмөр эрхлэгчдийн сарын орлого нь 97-99.4 хувь хүртэл буурчээ. Үүнийг доорх графикаас харж болно.

Судалгаанд хамрагдсан дөрвөн албан бус хөдөлмөр эрхлэгч тутмын гурав нь үйл ажиллагаагаа эрхлэхтэй холбоотойгоор түрээсийн төлбөр төлдөг бөгөөд 40 орчим хувь нь түрээсийн төлбөрөө түр хойшлуулсан, 30 орчим хувь нь огт төлөөгүй, үлдсэн нь төлж байгаа, тодорхой хувиар хөнгөлүүлсэн гэх хариултыг өгсөн байна.

Албан бус хөдөлмөр эрхлэгчийн өрхдөө үзүүлж буй нөлөө

Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь өрхдөө хадгаламжтай байсан бөгөөд хөл хорионы үеэр 50 орчим хувь нь хадгаламжаа бүрэн цуцалсан, эсвэл царьцалан зээл хэлбэрээр хэрэглэсэн гэх хариултыг өгчээ.

Судалгаанд хамрагдсан оролцогчдын 61.6 хувь нь аль нэг эх үүсвэрээс зээлтэй байгаа бөгөөд эдгээр иргэдийн 55.7 хувь нь хатуу хөл хорионы үед зээлээ төлж чадахгүй нөхцөлд орсон байна.

• Судалгаанд оролцогчдын тал хувь нь /50.6%/ албан бус хөдөлмөр эрхлэхтэй холбоотойгоор банк болон ББСБ-д зээлтэй байсан бөгөөд тэдгээрийн 30 орчим хувь нь зээлээ хөл хорионы энэ үед төлж чадаж байгаа бол үлдсэн хэсэг нь төлж чадахгүй, хугацаа хэтрэлттэй нөхцөл байдалд байна. Харин зээлээ төлж чадаж байгаа иргэдийн хувьд хадгалсан мөнгөөрөө, өрхийнхөө бусад гишүүдийн цалингаар мөн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөөрөө зээлээ төлж байна.

• Харин бусад эх үүсвэрээс зээлтэй албан бус хөдөлмөр эрхлэгчдийн хувьд 20 гаруй хувь нь л хатуу хөл хорионы үед зээлээ төлж чадаж байна. Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн зээл төлөлтийн хэлбэр нь дээрхтэй ижил байна.

Албан бус хөдөлмөр эрхлэгчийн санаа бодол, цаашдын хандлага

Судалгаанд оролцогчдын 80 орчим хувь нь хатуу хөл хорионы дараагаар үндсэн ажлаа хийхээр төлөвлөж байна. Мөн 10 орчим хувь нь хуримтлалтай болох, цалин хөлстэй ажилтан болох, давхар ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлжээ.

Тус үзүүлэлтийг албан бус хөдөлмөр эрхлэлтийн салбараар нь задлан харахад аль ч салбарынхан үндсэн ажлаа цаашид үргэлжлүүлэхийг хүсэж байна. Өөр чиглэлээр албан бус хөдөлмөр эрхлэх сонирхолтой бүлэг нь нийтийн хоолны салбарынхан байгаа бол үсчин, гоо сайхны салбарынхан илүү хуримтлалтай болохыг эрмэлзэж байна.

Бэлтгэсэн Н.БАТАА

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн