УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож, мэдээлэлтэй холбоотой асуулт, хариулт явагдаж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын гишүүдийн хүүхдүүд хаана ямар сургуульд сурч байна. Төлбөр нь яаж хийгдэж байна вэ?
“Ардчилсан намын бүлэг эрхийнхээ дагуу асуултад хариулт авах ёстой. Гэтэл сүүлийн хоёр гурван удаа Ерөнхий сайдынхаа барааг харж чадсангүй. Шадар сайд л орж ирээд байдаг. Шадар сайдаасаа сүүлдээ залхаж байна аа. Зурагдсан пянз шиг нөгөө л ярьдаг юм аа л ярина. Хоёр долоо хоногийн дараа Ерөнхий сайд заавал өөрийн биеэр ирмээр байна шүү. Дамжуулж хэлж өгөөрэй.
Бидэнд ирж тайлангаа тавьж, мэдээлэл өгнө гэдэг бол ард түмнийхээ өмнө ирж мэдээлэл өгч байна гэсэн үг шүү дээ. Бид ард түмний элч нар. Үүнд анхаараарай.
Ерөнхий сайд ямар байдалтай байна вэ. Ерөнхий сайдын хувийн асуудал биш л дээ. Монгол Улсын асуудал болчхоод байгаа юм л даа. Ажлын цагаараа арынхаа өрөөнд их л жиндүүхэн сууж байна гэх сураг дуулдаад байгаа.
Ард түмэн маш хүнд байдалд байна шүү. Тэр дундаа хүүхдүүд жиндүүгийн жиндүү сууж байна шүү. Энд анхаармаар байна.
Цахим сургалт гэж яриад байгаа. Санал асуулгаар 80 хувийн үр дүнтэй, сэтгэл ханамжтай сургалт явууллаа гэж яриад байх юм. Бид нар тэгж бодохгүй байна. Айл өрхүүдийн хэдэн хувь нь компьютертэй байгаа билээ. Хичнээн нь онлайнаар сургалт авах боломжтой байгаа билээ. Тэр судалгаа байна уу? Нэг айлд хоёр гурван хүүхэд байгаа. Хичээл нь зэрэг орвол сургалтаа авах боломжоор хэр хангагдаж байна.
Хэдэн айл компьютертэй, хэдэн айлын компьютер шаардлага хангаж байна. Шаардлага хангасан онлайн хөтөлбөр байгаа юу? Бэлдсэн байсан уу? Хоёр жил ийм байдалтай явчихлаа. Эцсийн үр дүн Монгол Улсын оюутнуудын боловсрол хүүхдүүдийн боловсролоор л дараа нь хэмжигдэнэ. Дэлхийд өрсөлдөх чадвараараа ухарчихсан байна. Онлайн сургалттай холбоотой тооцоо, судалгаа байна уу?
Сүүлийн үед дэлхий нийтээрээ дижитал хувьсгал руу орж байна. Гэтэл бид өнөөдөр иймэрхүү юм яриад байдаг. Хүүхдүүд дэлхийд гараад л ийм юмаараа л өрсөлдөнө. Дэлхийд өрсөлдөх чадварыг харуулна. Гэтэл шаардлага хангаж байна уу
Хүүхдүүд уйгаржин бичиг сурах шаардлагатай, кирил, латин үсэг сурах шаардлагатай болчихсон байна. Энэ хэр оновчтой, зүйтэй байна вэ?
Англи хэлийг хоёр дахь хэл болгох зүйл маань явж байна уу? ямар байна. Байгалийн шинжлэх ухаанд хүүхдүүд сайн байсан. Математик, физик, компьютер сүүлийн хэдэн жил маш их хоцрогдож байна.
Хувийн хэвшил, төрийн сургуулиудыг ижил хэмжээнд авч үзэж байгаа юу. Өмчийн хэлбэр ялгахгүйгээр авч үзэх ёстой. Тэгээд бас сонголт байх ёстой.
Үүнээс гадна би энгийн төрийн албан хаагчийг хэлмээргүй байна. Тэр хэлтэс, албаны даргаас дээш, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийн хүүхдүүд төрийн сургуульд суралцах ёстой шүү. Хувийн сургуульд биш. 50-60 хүүхдийг нэг ангид дүүрэгчихсэн гурван ээлжээр хичээллүүлж байгаа нөхцөл байдалд тэд нарын хүүхэд сурахгүйгээр нөхцөл байдал өөрчлөгдөхгүй нь ээ.
200-аад мянган төрийн алба хаагч байгаа. Тэдний 100-аад мянга нь дарга байгаа байх. Дарга нарын хүүхэд хаана сурч байна. Ялангуяа Улаанбаатар хотод. Энэ судалгаа бий юу.
Тухайлбал, УИХ-ын гишүүдийн хүүхдүүд хаана ямар сургуульд сурч байна. Төлбөр нь яаж хийгдэж байна вэ?
Шадар сайд Я.Содбаатар: Манай улс боломж гарвал танхимын сургалтыг чухалчилж оруулах бодлого барьж байгаа
Цахим сургалт, теле сургалт, онлайн сургалтын асуудал бол дэлхий нийтээр л ингэж явж байна. Ковид-19 цар тахлын үед 100 гаруй оронд сургалтын үйл ажиллагаа теле байдлаар явагдаж байна. Оюутан хүүхэд, ЕБС-ч гэсэн.
Манай улсын хувьд 9-11 сарын хооронд бас танхимын сургалтыг явуулсан. 2019-2020 оны хичээлийн жилийн сүүлийн хагас жилийн хичээл теле, цахим хэлбэр рүү орсон учраас энэ танхимын сургалтын үеэр буюу 9-11 сард хоцрогдлыг арилгах чиглэлээр тусгай программуудыг сургуулиуд дээр илүү цагаар өгч багш нар ажилласан.
Тодорхой хичээлийн хоцрогдол гарах ажил хийгдэж байгаа. Гэр бүлийн орчинд теле хичээл үзэх техникийн боломж бүрдээгүй, цэцэрлэгийн хүүхэд, ЕБС-ын суралцагчдад хичээлийн агуулгыг бүрэн хүргэх тэднийг сургууль завсардахаас бүрэн сэргийлэх чиглэлээр хэвлэмэл хичээл, дасгал, даалгавар өгөх, гарын авлага бэлтгэж хүргэх ажлыг зохион байгуулах, теле хичээл хүүхэд бүрт хүрч байгаа эсэхэд хяналт тавих тодорхой ажлууд хийгдэж байгаа.
Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн сургалтын салбарт танхимд хичээллэдэг олон хичээлүүд хоцрогдож байгаа талууд бий. Энэ үед онолын чиглэлийн хичээлүүд нь түлхүү явагдаж байна.
Боловсролын багц хууль орж ирж байгаа. Англи хэлийг хоёр дахь хэл болгох асуудал дээр гишүүд өөрсдөө санаа оноогоо хэлээд явж болно.
Сургуулийн хүртээмжийн асуудал сүүлийн жилүүдэд шийдэгдэж байгаа. Гурван ээлжээр хичээллэдэг байсан асуудлыг сүүлийн дөрвөн жил овоо хэдэн сургууль цэцэрлэг ашиглалтад оруулж байж шийдэж байна. Зөвхөн 2020 онд л гэхэд 163 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байж, 23 мянган хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад оруулах жишээний. 6370 хүүхдийн хүчин чадалтай сургууль ашиглалтад оруулж байж, бид бүхэн гурван ээлжээр хичээллэдэг байдал арилсан ш дээ.
УИХ-ийн гишүүн, дарга нарын хүүхэд гэж ярьж байна.. Хүүхдийг тэгж ялгаварлан гадуурхаж болохгүй. Энэ хүүхдүүдийн хичээл, сургалтын хүртээмжийн асуудал байгаа. Судалгаа бол гарчихсан байгаа ш дээ. Хэвлэлээр явж байгааг та харж л байгаа байх.
Хүүхдийг ялгаварлан гадуурхах асуудал байж болохгүй. Энэ ноцтой асуудал шүү. Нийтдээ төрийн албан хаагчдын дунд 100 мянган дарга цэрэг юу гэж байх вэ дээ. 4-5 мянган дарга байгаа байх. Тийм учраас тусгайлан хүүхдүүдийг ялгах асуудал байхгүй байх аа.
Хүртээмжийн хувьд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа гэдгийг тоо баримттай нь та бүхэнд хүргүүлж хэлсэн. Дэлхийн нийтээр цахим сургалт явагдаж байна.
Манай улс боломж гарвал танхимын сургалтыг чухалчилж оруулах бодлого барьж байгаа. Хэрвээ өвчний нөхцөл байдал гайгүй бодвол танхимын сургалт явуулах, чадахгүй байгаа тохиолдолд теле цахим хэлбэрээр сургалт явуулахаас өөр сонголт байхгүй.
Н.БАТАА