УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдаж байгаа байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Ардчилсан намын үед “Оюутны 70 мянга” хөтөлбөр хэрэгжиж байсан. Үүнийг халамж байна гээд зогсоосон. Зогсоосонтой холбоотой оюутнуудаас шаардлага тавиад эхлэхээр “Оюутны хөгжлийн зээл” гэх хөтөлбөрөөр орлуулсан.
Энэ хөтөлбөр зээлч үгүй, буцалтгүй тусламжгүй, холион бантан болоод үлдчихээд байна. Энэ асуудлыг БСШУ-ын яам, Боловсролын зээлийн сан, Сангийн яам Засгийн газрын түвшинд авч хэлэлцэхгүй бол маш олон оюутнуудын амьдралтай холбоотой асуудал сөргөөр шийдэгдээд байна.
Зээлээ авч чадахгүй, гэрээ байгуулчихсан тэр нь ордоггүй. Төгсөх оюутнууд диплом аа авч чаддаггүй гээд маш их хүндрэлтэй асуудлууд үүсчихсэн. Сэтгэлгүй хүмүүсийн балгаар санхүүжилтийг төсөвт суулгачихаад байхад оюутнууд хохироод байдаг асуудал газар авчихжээ.
Засгийн газрын 70-р тогтоолын гаргаад тэргүүлэх зэргийн гээд мэргэжлээр нь ангилчихсан байна. Сургуулиудыг хувийн, төрийн гээд ялгадаг болсон байна. Төрийн топ 10 сургууль гээд янз бүрийн ялгаатай зүйл гараад байна. Энэ асуудлуудыг анхаарахыг хүсч байна” хэмээн хэлээд, дараах асуултуудыг асуулаа.
Асуулт:
1. 2019-2020 оны хичээлийн жилийн хавар оюутан хөгжлийн зээл авахаар хэдэн хүүхэд гэрээ байгуулж, хүсэлтээ өгсөн юм. Үүний хэд нь зээлээ авч чадсан юм бэ?
2. 2020-2021 оны хичээлийн жилд хэдэн хүүхэд оюутны хөгжлийн зээл авахаар хүсэлтээ явуулсан юм.
3. 3. Хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхтэй, өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, өнчин хүүхдүүдэд олгодог буцалтгүй тусламжийн гүйцэтгэлийг хэлээд өгөөч, хэдэн хүнд хүрсэн юм бэ. Энэ бол тухайн өрх айлдаа маш их хэрэгтэй төрийн бодит дэмжлэг байдаг.
4. Сургуулиа төгссөн мөртлөө диплом аа авч чадаагүй хэдэн хүүхэд байна вэ?
5. Коронагийн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-ын бүлгээс санаачлаад өргөн барьсан, удахгүй хэлэлцэгдэх байх гэж бодож байна. Үүн дээр тэр хууль яагаад хэрэгжихгүй байна вэ?
6. Оюутны сургалтын төлбөрийг хойшлуулах, оюутны семестрт хөнгөлөлт үзүүлэх гээд 7.1.8-р заалт яагаад хэрэгжихгүй байна вэ?
7. Дотуур байрны хөлс эхлээд төлөгдчихдөг. Суугаагүй дотуур байрны мөнгө буцааж олгогдох шаардлагатай байдаг. Гэтэл буцааж олгогдохгүй байгаа. Үүнийг яаж зохицуулах гэж байна вэ?
8. Энэ жилийн төсөв харсан Боловсролын зээлийн сан дээр 49 орчим тэрбум төгрөгийн төсөв тавигдсан байна. Үүний дотор Оюутны хөгжлийн зээлд 24,8 тэрбум төгрөг хуваарилагдаж байгаа юм шиг байна. Энэ зээлийн төсвийг нэн даруй өнгөрсөн хугацаанд гэрээ байгуулчхаад зээлээ авч чадахгүй байгаа хүүхдүүдийг бүгдийг хамруулж өгч болох уу? Яагаад гэвэл энэ чинь Төрийн буруутай үйл ажиллагаанаас болж, Сангийн яам, Боловсролын яамны үйл ажиллагаатай холбоотой маш олон оюутнууд хохироод байна”
Хариулт:
БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн: Сувилагчаар сурч байгаа 3600 оюутанд сургалтын төлбөрийг нь олгох асуудлыг Засгийн газарт оруулахад бэлэн болсон байна
Боловсролын зээлийн сангаас хоёр төрлийн үйлчилгээ үзүүлдэг.
1. Сургалтын төлбөр олголт
Сургалтын төлбөр олгодог хэлбэр:
· бүтэн өнчин хүүхдүүд,
· хөгжлийн бэрхшээлтэй суралцагч,
· хөдөлмөрийн чадвараа алдсан,
· эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн суралцагч,
· багш мэргэжлээр суралцаж байгаа хүүхдүүд ЭЕШ-нд тодорхой хэмжээний оноо авбал сургалтын төлбөрийг нь төр хариуцдаг
· сувилагчаар суралцаж байгаа оюутнууд бас ЭЕШ-нд тодорхой хэмжээний оноо авбал төлбөрийг нь төр хариуцдаг,
· цаатан өрхийн бакалаврын сургалтад сурч байгаа оюутнуудын төлбөрийг хариуцах гэх мэт
2. Сургалтын зээл олголт
Зээлийг дотоодод оюутан болон гадаадад бакалавр, магистр, докторантурт суралцаж байгаа оюутнуудад зээлийг олгодог.
Өнөөдрийн байдлаар буцалтгүй тусламжид 2020-2021 оны хичээлийн жилд 2020 оны төсөвт 3,2 тэрбум төгрөг тусгагдсан байсан. Энэ зардлаас нийт 4439 оюутанд 3,1 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийг олгосон.
Дотоодын оюутнуудын сургалтад зориулсан боловсролын зээлийн үйлчилгээг 2020 онд төсвийн тодотголоор зээлийн зардалд 10 тэрбум төгрөг батлагдсан байгаа. 4000 гаруй оюутанд зээл олголт өгчхөөд одоо УИХ-ын гишүүд болон яаманд хандаж байгаа 7000 гаруй оюутны зээлийн асуудал хүлээгдэж байгаа.
Гэхдээ 2019-2020 оны хичээлийн жилд 4-р курсээ төгссөн оюутнуудын сургалтын зээлийг олгох асуудлыг 2020 оны таван сард бүрэн шийдсэн. Одоо 2020-2021 оны хичээлийн жилд төгсөх оюутнуудын асуудлыг судалж, шийдэх хэмжээнд хүрч байна.
- 2021 оны төсөвт 24,8 тэрбум төгрөг сургалтын төлбөрийн зээлд батлагдсан. Энд бид хүсэлт гаргаад байгаа тэргүүлэх чиглэлийн буюу нэн хэрэгцээтэй мэргэжлийн биш боловч хүсэлт гаргасан, боловсролын зээлийн сантай гэрээгээ байгуулсан 2,8 дээш голч дүнтэй сурч байгаа 4986 оюутанд зээлийг нь өгөхөөр Засгийн газрын хуралдаанд оруулж, шийдүүлэхээр бэлдэж байна.
- Сувилагч мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад 5,9 тэрбум төгрөг батлагдсан. Энэ нь ЭЕШ-д 501 –ээс дээш оноо авсан оюутнуудад олгох ёстой. Гэхдээ Ковид-19 цар тахлын үед эрүүл мэндийн салбарт мэргэжилтэн нэн шаардлагатай, тэр дундаа сувилагч шаардлагатай байгаа гэдэг үндэслэлээр 2020-2021 оны хичээлийн жилд сувилагч мэргэжлээр элссэн оюутнуудын бүх судалгааг гаргаад 3600 оюутанд сургалтын төлбөрийг нь олгох нь зүйтэй гэж үзээд Засгийн газарт асуудлаа оруулахад бэлэн болсон байна.
- Нэн хэрэгцээтэй мэргэжлээр сураагүй ч гэсэн энэ оны хичээлийн жилийг дуустал Боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн зээл хүссэн 3600 орчим оюутан байна. Энэ оюутнуудад зээл олгох юм бол 5,4 тэрбум төгрөг шаардагдахаар тооцоо гарч байгаа. Үүнийг судлаад энэ жилийн хичээлийн жил дуустал Ковид-19 цар тахлын хүндрэлтэй нөхцөлд оюутнуудын эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт болон тухайн айл өрх бүрийн амьжиргааны түвшинтэй уялдуулаад энэ асуудлыг нэг удаагийн шийдвэрээр шийдэх боломж нь байна гэж үзээд Засгийн газарт асуудал оруулахаар бэлдэж байна.
- Тэгэхээр 2021 оны дотоодын оюутны сургалтын төлбөрийн зээлд батлагдсан 24,8 тэрбум төгрөгийг дээрх оюутнуудад зарцуулах боломжтой байна гэсэн урьдчилсан судалгааг хийчихсэн байна. Гэхдээ 2021-2022 оны хичээлийн жилд дахиад 9 сарын нэгэнд оюутнууд элсэнэ. Энд элсэж байгаа элсэгч оюутнуудад зориулж бид тодорхой хэмжээний зардлыг нөөцөд үлдээх ёстой. Үүний судалгаагаа бас хийгээд байж байна.
Шадар сайд Я.Содбаатар: Сургалтын төлбөрийг ямар нэгэн байдлаар хойшлуулах, шилжүүлэх нөхцөл үүсээгүй
Ковидын тухай хуулийн 7.1.18-д “Өмчийн хэлбэр үл харгалзан бүх шатны хичээл, сургалтын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах, сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн жилд шилжүүлэх” гэсэн агуулгатай зүйл байгаа юм.
Гэхдээ 2020-2021 оны хичээлийн жилд Боловсролын яам, мэргэжлийн байгууллагын үзэж байгаагаар бол сургалтыг хойшлуулсан зүйл байхгүй. Сургалтын үйл ажиллагаа хойшлогдоогүй, харин хэлбэрийн хувьд сургалт танхимын, танхимын бус, теле, онлайн хэлбэрт явах ёстой. Энэ хүрээнд авбал зохих кредит цагт бүрэн хамрагдсан учраас сургалтын төлбөрийг ямар нэгэн байдлаар хойшлуулах, шилжүүлэх нөхцөл үүсээгүй гэж салбарын яам үзэж байгаа юм.
Сургалтын төлбөрийг хөнгөлөх, дараагийн төлбөрт шилжүүлэх асуудлыг хэрвээ сургуулийн сургалтын үйл ажиллагаа ямар нэгэн хэлбэрээр явагдаагүй, бүрэн зогссон тохиолдолд энэ заалт хэрэгжих журамтай.
Н.Цэндбат