Сүүлийн жилүүдэд олон улсын санхүүгийн зах зээл дээр ихээхэн яригдаж, ашиглагдах болсон криптовалютын төрлүүдээр төлбөр, тооцоо гүйцэтгэх, арилжаа хийх нь Монгол Улсын нутаг дэвсгэрт хууль тогтоомжоор зохицуулагдаагүй үйл ажиллагаа юм.
Виртуал хөрөнгө нь үнийн хэлбэлзэлд өртөмтгий, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтгүй, үнийн хувьд тогтворгүй, байнгын хэлбэлзэх шинж чанартай, криптовалютын арилжаанд орж буй аливаа этгээдэд мэдээлэл дутуу хүрдэг зэрэг эдийн засаг, санхүү, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой эрсдэл ихээр дагуулдаг. Нөгөө талаар олон улсад криптовалютын зохицуулалт харилцан адилгүй.
Хөрөнгө оруулагч, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орчин, харилцагчийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалтай холбогдуулж үүсэх эрсдэлээс хамаарч Ирланд, Энэтхэг, Люксембург, Хятад зэрэг улс орны санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас иргэдийг энэ төрлийн үйл ажиллагаанд болгоомжтой оролцохыг байнга анхааруулдаг.
Тухайлбал, криптовалютын арилжаанд хуулиар хяналт тавих зохицуулалтгүйгээс криптовалютыг валют гэхээс илүүтэй виртуал бараа гэж тодорхойлж, банк, санхүүгийн байгууллагуудыг биткойныг ашиглах, арилжаалахыг Хятад Улс хориглосон бол Люксембург, Ирланд, Энэтхэг зэрэг улс орон криптовалютыг ашиглахыг хуулиар хориглоогүй ч, криптовалютыг арилжааны болон хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөөгүй.
Монгол Улсын хувьд виртуал хөрөнгө нь албан ёсоор зөвшөөрөгдөөгүй, төрийн хяналт, зохицуулалтад хамаардаггүй. Иймд биткойн, этэриум зэрэг криптовалют, виртуал хөрөнгийн хэрэгсэлд хөрөнгө оруулснаар хохирол хүлээх, иргэд, аж ахуйн нэгжүүд үүнтэй холбоотой үйл ажиллагаа эрхэлснээр мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлд өртөх зэрэг сөрөг үр дагавар гарч болзошгүй тул нийт ард иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлж байна.
Мөн өөрийн итгэл үнэмшлээр криптовалютын арилжаанд оролцож, улмаар энэхүү хөрөнгө оруулалттай холбоотой эрсдэл учирвал тухайн иргэн өөрөө хариуцна гэдгийг Санхүүгийн зохицуулах хорооноос анхааруулж байна.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО