Дархан-Уул аймаг халдваргүй бүс болсон тул хяналтын 19 постын үйл ажиллагааг чангаруулж, голомттой бүсээс хулгайгаар нэвтэрсэн иргэдийг 14 хоног тусгаарлан 700-900 мянган төгрөг төлүүлэх аж. Мөн тээврийн хэрэгслийг журамлана гэж тус аймгийн Онцгой комиссоос анхаарууллаа.
Сумдын Онцгой комиссын зөвшөөрлийн бичгийг үндэслэн Дархан-Уул аймгийн сумд хоорондын хөдөлгөөнийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа бол Улаанбаатар хотоос хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд иргэнийг хүлээн авах ажлыг түр хязгаарласан. Батлагдаагүй зам маршрутаар хот хооронд зорчих, PCR шинжилгээ өгөөгүй иргэдийг орон нутагт тээвэрлэх, ашиг хонжоо олох зорилгоор хулгайн тээвэр эрхлэх зөрчил нэмэгдэх хандлагатай байна.
Иймд голомтот газраас зөвшөөрөлгүйгээр Дарханд ирж байгаа явдлыг таслан зогсоохоор ажиллаж байгаа юм байна.
Л.Баяр