Хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн ажиллах талаар ЭМЯ-нд өнөөдөр цахимаар хэлэлцэв.
Хэлэлцүүлгээр “Халдвар хяналтын баг, хороо”-ны үйл ажиллагааг идэвхжүүлж, бөөгнөрөл үүсгэж буй цэг болох байгууллагуудын ажилчдын “Цахим цаг бүртгэл”-ийг бүрэн зогсоохоор болов. Мөн эмнэлгүүдэд:
нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөг онлайн, телемедицин ашиглан авах,
өөр эмнэлэгт очиж мэс засал, ажилбар хийхгүй байх,
эрүүл мэндийн ажилтан, албан хаагчдыг системтэй болгож, ПГУ-ын шинжилгээнд хамруулах,
эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гарсан, хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн болон сахиурын цахим бүртгэл үүсгэх, эргэлтээр ирсэн иргэнийг эмнэлэг, тасагт нэвтрүүлэхгүй байх,
эмнэлгийн тасаг хооронд өвчтөн шилжүүлэхэд халдвар, хамгааллын дэглэмийг чанд сахиж, анхааралтай хандах
Эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэхэд ПГУ-ын шинжилгээ хийж байхаар тогтов.
Хүнд өвчтөн халдварт өртсөн тохиолдолд тусгаарлах, шилжүүлэх, эмчилгээг нь үргэлжлүүлэх төлөвлөлтийг цогцоор нь хийж, гүйцэтгэж байх үүргийг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа өгөв.
Хувийн хэвшлийн эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахад ариутгал, халдваргүйтгэл, дезкамер, автоклав, автомаксын нөөц, хэвийн ажиллагааг хангасан байх талаар тогтож хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт хувийн хэвшлийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцов.
Эрүүл мэндийн яам