Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын оршин суугч коронавирусийн шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн нь тогтоогджээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний ПСР шинжилгээг Улаанбаатар хот руу илгээсэн бөгөөд энэ хүрээнд тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг 3 хоног буюу нэгдүгээр сарын 9-ний өглөөний 06:00 цаг хүртэл хязгаарласан талаар бид мэдээлж байсан.
Харин өнөөдрийн эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Өвөрхангай, Сэлэнгэ, Төв аймагт очсон иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр“Ачтан” эмнэлэгт энэ сарын 4,5-нд халдвар батлагдсан. Тус хугацаанаас өмнөх 14 хоногийн хугацаанд эмнэлгээр үйлчлүүлсэн хүмүүсээс шинжилгээ авах ажиллагаа зохион байгуулсан юм. Энэ хүрээнд Өвөрхангай, Төв аймаг, Сэлэнгэ аймгаас ирж үйлчлүүлсэн ганц нэг хүн орон нутагтаа очсон байсныг хяналтдаа авсан. Шинжилгээ авахад хариу нь сөрөг гараад байна.
“Ачтан” эмнэлэг нь үйлчлүүлж байгаа хүмүүстээ байнга түргэвчилсэн тест тавьдаг давуу талтай байсан учраас одоогийн байдлаар өвчтөнүүдээс халдвар илрээгүй байна” гэлээ.
Л.Баяр