Доналд Трампыг дэмжигчид нэгдүгээр сарын 6-нд Вашингтоны Конгрессын ордонд дайран оржээ.
Тэд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг батлахаар цугларсан Төлөөлөгчдийн танхимын гишүүд болон сенатчдын хуралдааныг тасалдуулжээ. Энэ хуралдаанаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг ялсныг зарлах гэж байсан юм.
Журмын дагуу мужуудын төлөөлөгчид үсгийн дарааллын дагуу сонголтын төлөөллийн санал хураалтын үр дүнг уншиж танилцуулах ёстой байсан. Гэтэл хуралдаан дөнгөж эхлээд, Аризона мужийнхыг уншиж байх үед Бүгд найрамдах намын төлөөлөгчдийн гаргасан дургүйцлээс болоод таслахаас өөр аргагүй болсон. Оролцогчид энэхүү таагүй байдлыг хэлэлцэхээр танхимаараа салжээ.
Яг энэ үеэр Вашингтонд Трампын олон мянган дэмжигчдийн жагсаал болж байсан юм.
Уг арга хэмжээ нь “Америкаа аврах марш” нэртэй. Жагсаалд оролцсон АНУ-ын өнөөгийн төрийн тэргүүн: “Бид хэзээ ч бууж өгөхгүй. Бид хэзээ ч ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй” хэмээгээд, дэмжигчдээ Конгресс руу орж, эрэлхэг зоригтой сенатчид, конгрессын гишүүддээ мэнд дэвшүүлэхийг уриалжээ. Ингээд Капитол руу хэдэн мянган хүн байр луу нь дайран орсон байна. Зарим нь зэвсэгтэй байсан аж. Тиймээс Конгрессын гишүүдийг яаралтай гаргажээ.
Мөргөлдөөний үеэр нэг хүн амиа алджээ.
Капитолын ордонд галт сумны шарх авсан нэгэн эмэгтэй эмнэлэгт амьсгал хураасан аж. Үүнийг Вашингтонд хот байрладаг Колумбын тойргийн цагдаагийн газраас ч баталжээ. Түүн рүү хэн буудсан болох нь одоогоор тодорхойгүй байна. Мөргөлдөөний үеэр цагдаа нар гээд хэд хэдэн хүн шархадсан гэнэ. Нэг нь Капитолын ордны ханаар дамжин орох гэж байгаад 10 метрийн өндрөөс унасан бөгөөд биеийн байдал нь маш хүнд байна.
Капитолыг эзлэн авсан хүмүүсийг тусгайгийн хүчнийхэн тараажээ. Энэ үеэр дор хаяж 13 хүн саатуулагдсан аж. Мөргөлдөөн гарснаас хойш хэдхэн цагийн дараа байдлыг хэвэнд нь оруулж, сенат, конгрессын хамтарсан хуралдаан үргэлжилсэн байна.
“”
Трамп Твиттертээ “сонгууль хулгайлагдсан” гэх видео бичлэг байршуулж, сонгуулийн үр дүнг “луйвар” гэжээ.
Үүний зэрэгцээ тэрбээр дэмжигчдээ тарж явж, хүчирхийлэл үйлдэхгүй байх, эмх журмаа сахихыг уриалжээ. Twitter-ээс удалгүй энэ бичлэгийг олон нийтийн сүлжээний журмыг зөрчсөн гээд устгаж, АНУ-ын Ерөнхийлөгчийн аккаунтыг 12 цагийн хугацаатайгаар хааснаа зарласан аж. Хэрвээ дахиад ийм зөрчил гаргавал аккаунт бүрмөсөн хаана хэмээн компаниас анхааруулжээ. Фэйсбүүк ч мөн Трампын аккаунтыг 24 цагаар хаажээ.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч болох гэж буй Жо Байден Трампын дэмжигчдийн хийсэн үйлдлийг бослого гэв.
«Манай ардчилал байж боломгүй халдлагад өртлөө. Сүүлийн үед бид ийм зүйл огт харж байгаагүй. Энэ халдлага бол эрх чөлөө, Капитолд халдсан үйлдэл. Бид хууль бус зүйл рүү тэмүүлдэг экстремистүүдийн жижиг бүлэглэлийг харлаа. Энэ бол санал зөрөлдөөн биш. Энэ бол эмх замбараагүй байдал, замбараагүйтэл. Энэ бол бослоготой ойролцоо зүйл. Тиймээс үүнд цэг тавих хэрэгтэй” хэмээн Байден мэдэгджээ.
Колумбын тойрогт хөл хорио тогтоов.
Хөл хорио нэгдүгээр сарын 6-ны 18:00 цагаас хойш 12 цагийн хугацаатай үргэлжилнэ. Тойргийн захирагч Мюриел Баузерын хүсэлтээр мянга гаруй цэргүүдээс бүрдсэн хамгаалалт босгожээ.
Конгрессын Ардчилсан намын гишүүд Трампад үл итгэл үзүүлэхийг шаардав.
Тэд хоёрхон долоо хоног үүрэг гүйцэтгэх хугацаа нь үлдсэн Трампыг нэн даруй огцруулах хэрэгтэй гэж мэдэгджээ. Массачусетс мужаас Төлөлөөгчдийн танхимд сонгогдсон Кэтрин Кларк Трампыг улс орон, ард түмнээ аюулд оруулсан урвагч гэсэн байна. Нью-Йорк мужийг төлөөлөж буй Александрия Окасио-Кортес “Үл итгэл үзүүл” гэж жиргэжээ.