Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас нэн ховор, ховор амьтдад зориулж, биотехникийн арга хэмжээ авах ажлыг зохион байгуулж байна. Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас орж хүйтэрсний улмаас зэрлэг ан, амьтан хоол тэжээлгүй болжээ.
Одоогийн байдлаар Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутаг Өшгөгийн нуруу, Ханхөгшин, Төгрөг сумын Эрээн уул, Гучин-Ус сумын Аргалантын нуруу, Богд сумын нутаг Бага богдын нуруу, Арцын нуруу, Өөш, Дулаан Богд, Халзан хайрхан, Зүүнбаян-Улаан сумын нутаг Баянхайрхан, Баянзүрх зэрэг газрын 40 гаруй цэгт аргаль, халиун бугад зориулан өвс, хужир тавьж өгөөд байгаа юм.
Мөн ойрын хугацаанд Есөнзүйл, Хужирт, Өлзийт, Хархорин, Уянга, Сант сумын нутагт биотехникийн арга хэмжээ авах ажлыг үргэлжлүүлэн хийх аж. Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, Байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэд хамтран зэрлэг ан, амьтны байршилт хөдөлгөөн, тархалт, өвөлжилтийн байдалд тогтмол ажиглалт судалгаа хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар зэрлэг ан амьтад үхэж, хорогдсон тохиолдол гараагүй байна.
Өвөрхангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар