Улс орон маань Коронавируст халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байгаа хэдий ч зүрх судасны өвчлөл, цаг бусын нас баралтаас сэргийлэх “МонгПЕН: ХБӨ/Зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлсэн загвар төслийн үр дүнг танилцуулах цахим хурал”-ыг зохион байгууллаа.
Тус хуралд Эрүүл мэндийн Сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газар, хэлтсийн дарга нар, холбогдох мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, 21 аймгийн ЭМГ-ын дарга нар, халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтнүүд, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний төлөөллүүд болох нийт 80 байгууллагын 100 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
МонгПЕН төсөл нь 2019 оны 6 дугаар сараас Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дархан-Уул аймгийн нийт 16 өрх, сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж эхэлсэн билээ. Загвар төслийг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд тархины харвалтын шалтгаант нас баралт Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан төдийгүй эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд зүрх судасны өвчин, цусны даралт ихдэлт, чихрийн шижин өвчний хяналт сайжирч, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэх өвчтөний тоо буурсан амжилттай үзүүлэлттэй байна.
Цаашид МонгПЕН төслийг ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн яам тогтвортой үргэлжлүүлэх, өргөжүүлэх үйл ажиллагааг аймаг, нийслэлийн анхан шатны эрүүл мэндийн төвүүдэд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Эрүүл мэндийн яам