Монгол Улсын Шадар сайд бөгөөд УОК-ийн дарга Я.Содбаатар Монгол Улсад “COVID-19”-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Шадар сайд Я.Содбаатар: Энэ оны эхний улиралд багтаан вакцинжуулалтын ажлыг эхлүүлэхээр тооцож байна. Монгол Улсад гурван чиглэлээр вакцин оруулж ирэхээр ажил явагдаж байна.
Дархлаажуулалтын хуулиар сайн дурын үндсэн дээр вакцинжуулалт хийгддэг. Монгол Улсын вакцинжуулалтын горим, дэглэм, дэд бүтэц харьцангуй сайн улсын тоонд ордог. Ялангуяа манай улс дэлхийн хэмжээнд гараад байгаа долоон вакцины хүйтэн хэлхээ буюу 0-8 градуст хадгалдаг гурван вакциныг шууд хүлээн авах боломжтой. Баруунд хамгийн их хэрэглэгдэж байгаа “Pfizer” болон “Moderna”-гийн вакцинууд хасах 20-70 хэмд хадгалагдах горимтой.
Гэхдээ манай улс хасах 70 градуст вакцин авах хөргүүрийн нөхцөл нөөц байгаа. Үндсэндээ бид гадаадаас ямар нэгэн хэлбэрээр вакцин авсан тохиолдолд дотоодын бэлтгэлээ хангах хэд хэдэн ажлууд шат дараатай явагдаж байна. Нэгт, вакцинжуулалтын төлөвлөгөө буюу хэнээс эхэлж вакцин хийх вэ. Үүнд голомтод ажиллаж байгаа албан хаагчдыг түрүүлж дархлаажуулна. Дараа нь ахмад настнууд, суурь өвчтэй хүмүүс гэх хуваариуд гарсан байгаа. Эхний ээлжид вакцинжуулах 10 мянган хүнийг нэр, хаягаар нь цаашид вакцинжуулах 300 мянган хүнийг салбар, байршил гээд бүх мэдээллээр нь тодорхой гаргах чиглэлээр ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.
Мөн бид вакцины дэд бүтцэц үнэлгээ өгч байгаа. Манай улсад байдаг вакцин хадгалах хөргөгчүүдийн хэд нь ажилладаг, хэдийг нь шинэчлэх шаардлагатай, ХӨСҮТ болон Био-комбинатын вакцины том агуулахуудад хэд тун хадгалах боломжтой зэрэг бүх тооцоог судалгаануудыг ажлын хэсгүүд гаргаад, дүгнэлт хийгээд ажиллаж байна.
Вакцинжуулалтыг дагаад томоохон бүртгэл явагдах ёстой. Дэлхий нийт вакцинжуулалтын дараа вакцин хийлгэсэн эсэхээс шалтгаалж улсынхаа хилийг давуулах зэргээр улс хоорондын хөдөлгөөн вакцинтай холбогдож явахаар байна. Тиймээс манай улсад ч вакцин хийлгэсэн иргэдийн иргэний бүртгэлийг гадаад паспорттай нь уях асуудал гарна. 2021 оны хоёрдугаар хагас жилд олон орон вакцин хийлгэсэн иргэнийг хилээрээ давуулна гэдэг шийдвэр гаргахаар байгаа. Тийм учраас бид эхнээсээ иргэдийнхээ хөдөлгөөнийг тооцож, цахим бүртгэлийг нарийн хийх ёстой. Мөн вакцин хоёр тунгаар хийгдэж байгаа. Тиймээс нэгдүгээр тунг тариулсан хүн хоёрдугаар тунд орох хугацааг тааруулах гээд бүртгэлтэй холбоотой томоохон ажлууд явагдана.
Манай улс вакциныг бүртгэх, түргэвчилсэн түр журам батлах хуультай. Хуулиараа үүнийг батлах ёстой. Үүнийг боловсруулах ажил явагдаад үндсэндээ бэлэн болж байна. Үүний дагуу хувийн хэвшлийн компаниуд Монгол Улсын тодорхой стандарт, шаардлагыг хангасан, ДЭМБ болон хатуу зохицуулалттай орнуудад хүлээн зөвшөөрөгдсөн Монгол Улс үндэсний бүртгэлдээ бүртгэсний дараа өөрийн шугамаар оруулж ирэх эрх нь нээгдэнэ. Хувийн хэвшлийн компаниудыг ч гэсэн үүн дээр хамтран ажиллана гэж бодож байна.
Л.Баяр