ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн мэдээлэл өглөө.
Манай улсад 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс нийт зургаан аймагт кластер голомт гарч, Улаанбаатар хотын голомт хэвээр байна. Харин Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймгийн Батцэнгэл суманд гарсан халдварын голомтыг хумьсан байгаа. Дорноговь, Сэлэнгэ аймгийн голомтууд хяналтад байна. Хамгийн идэвхтэй байгаа голомт бол Улаанбаатар хот байгаа учир 21 аймаг руу халдвар тархах эрсдэл маш өндөр гарсан. Орон нутагт гарсан халдварын голомтуудыг цаг алдалгүй ажиллаж, хавьтлуудыг тогтоож шинжилгээнд хамруулснаар өнөөдөр гурван аймгийн халдварын голомтыг хумьж чадсан.
Цар тахлын энэ үед дэлхийн улс орнуудын засгийн газруудын хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний бодлого бол хөл хорио юм. Дэлхийн улс орнуудын хөл хориог хувиар авч үзвэл Африк тивийн цөөн улсууд 10-20 хувийн хөл хориотой байгаа бол бусад улс орнууд 40-100 хувийн хөл хориог хэрэгжүүлсэн байна. Хөл хориог хэрэгжүүлэхэд өвчлөл буурсан хэдий ч арванахоёрдугаар сард коронавирусийн халдвар 2020 оны нэгдүгээр сараас эхэлснээс хойш хамгийн оргил үедээ хүрсэн байна. Тухайлбал арванхоёрдугаар сарын сүүлийн хэд хоногт дэлхий нийтэд өдөрт 750 мянган хүн халдвар авч, 14-15 мянган хүн нас барсан байна. Иймд өнөөдрийн байдлаар Европ тивийн орнуудаас Франц, Хорват, Герман зэрэг улсууд хол хориог сунгаад байна” гэлээ.
Мөн “Дэлхийн улс орнуудад халдвараас сэргийлэх арга хэмжээ нь хөл хорио тогтоох явдал хэвээрээ байна. Оксфордын их сургуулийн мэдээний сангаас харахад сургууль, олон нийтийн байгууллагуудыг хаах, тээвэр, хөдөлгөөн, аяллыг зогсоох зэрэг арга хэмжээг 0-100 хүртэлх оноогоор дүгнэсэн байна.
Дэлхийн улс орнууд хөл хориог үргэлжлүүлсээр байна. Манай Улаанбаатар хотод идэвхтэй голомтууд байна. Өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцалсантай холбоотойгоор өвчлөл нэмэгдэх дүр зураг харагдсан” хэмээсэн юм.
Л.Баяр