Монгол Улсад 1200 гаруй халдвар бүртгэгдээд байгаагийн 85 нь эрүүл мэндийн байгууллагын ажилтан өвчилсөн байна. Нийт халдвар авсан хүний 6.9 хувь эрүүл мэндийн ажилтнууд байна гэсэн үг. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага бол хамгийн өндөр эрсдэлтэй, өвчтэй хүмүүстэй харьцаж байгаа эрсдэл өндөр орчин юм. Ялангуяа коронавирусийн батлагдсан тохиолдлуудыг хүлээн авч, тусгаарлан эмчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа гурван том эмнэлэг бий. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт бүх батлагдсан тохиолдлуудыг хэвтүүлэн эмчилж байгаа. Үүнтэй холбоотойгоор ХӨСҮТ-д 19 эрүүл мэндийн ажилтан, Цэргийн төв эмнэлэгт 13 эмнэлгийн ажилтан, Сэлэнгэ аймагт 19 эрүүл мэндийн ажилтан халдвар авсан байна. Мөн Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр томоохон халдварын дэгдэлт гарсантай холбоотойгоор тус эмнэлгийн 27 эмнэлгийн ажилтан өвчилсөн. Говьсүмбэр аймагт хоёр эмнэлгийн ажилтан, ХСҮТ таван эмнэлгийн ажилтан халдвар авч, тусгаарлагдан эмчилж байна.
Мэргэжлээр нь авч үзвэл их эмч 23, сувилагч 33, ариутгагч, лаборант тус тус бүр 7, асрагч 11, бусад мэргэжлийн дөрвөн хүн халдвар авсан байна. Эхнээсээ халдвар авсан эрүүл мэндийн ажилтнууд эдгэрч, хэвийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа байдалтай байна.
Сүүлийн үед Монгол Улсад бүртгэгдэж байгаа халдвар тархалтын хурд өндөр, лабораторийн шинжилгээнээс харахад вирусийн ачаалал, халдварлуулах төвшин өндөр байна. Нэн хүнд, хүндэвтэр өвчтөний тоо нэмэгдэж, эдгээр иргэдтэй удаан хугацаанд тулж ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд халдвар авч байна ХӨСҮТ-ийн Тандал сэргийлэлтийн албаны дэд захирал Наранзул хэллээ.
Л.Баяр