Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын мэдээг танилцуулсан юм. Энэ үеэр Улаанбаатар хотод ард иргэдийн дунд халдвар тархах өндөр эрсдэлтэй байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр ” Нэгдсэн эмнэлэгт том өвчлөл гарна гэдэг бол өвчтэй, дархлал дарангуйлагдсан, халдвар авах өндөртэй хүмүүсийн дунд халдвар гарч, эргэлтээр очсон хүмүүс, гэр бүл хавьтлууд өвдлөө. Голомтын хавьтал, голомтыг тандан судлах ажлыг өргөн хүрээтэй хийж БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн дотоод халдварыг хяналтдаа авч байгаа боловч түүнээс салбарласан гэр бүлийн болон дамжсан халдварууд гарсаар байна.
Сүүлийн үед гарч байгаа вирус шинэ, өндөр агууламжтай гарч байна. Тараах эрсдэл маш өндөр байна. Хүн бүхэн энэ вируст мэдрэг. Өмнө нь зөөрлөгдөн орж ирж байхад халдвар нь хуучирсан, тараах эрсдэл бага байсан. Тэр үеийнхээс өндөр агууламжтай вирус ялгарч байгаа учраас ард иргэд сонор сэрэмжтэй байх тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
Улаанбаатар хотын 429 тохиолдлын ард 23 мянган хавьтал байхад ард иргэдийн дунд халдвар тархахгүй гэж хэлэхэд хэцүү. Нийслэлийн хэмжээнд өргөжүүлсэн шинжилгээг маш ихээр хийж хоногт 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Хийж байгаа шинжилгээний 0.19 хувьд вирус илэрч байна. Энэ өргөн хүрээтэй шинжилгээ хийхэд халдварын хувийн жин нэмэгдвэл эрсдэл дагуулдаг. Одоогоор 0.19 хувьтай байгаа нь ард иргэдийнхээ дунд арай алдчихаагүй байна.
Шинэ жилийн дараа энэ тэнд эх уурхай тодорхойгүй халдвар гарахыг үгүйсгэхгүй. Урд шөнө гэхэд гэр бүлийн гурван хүн батлагдлаа.
Чухам хаанаас халдвар авсныг судалж байна. Эрсдэл өндөр байгаа учраас ард иргэдийг дэглэмээ улам сайн сахихгүй бол цаашаа халдвар тарах эрсдэл нэмэгдэж байна. Байдал амаргүй байна” гэлээ.
Л.Баяр