Их Монгол улсын нийслэл, XIII зууны үед Ази-Европ, Араб дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байсан Хархорум хотыг виртуал орчинд “Youtube” сувгаар үнэ төлбөргүй хүлээн авч үзэж цаг хугацааны 360 хэмийн аялал хийх боломжтой болжээ.
Тодруулбал, энэ төслийн гүйцэтгэгчээр МУИС, Дижитал солюшнс, санхүүжүүлэгчээр Шинжлэх ухаан, технологийн сан, Рио тинто Монгол ажиллаж байна.
Мөн дэмжигч байгууллагаар БШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, “Инженер, технологийн дээд боловсрол” төсөл, Монгол костюмс, Хархорум музей, Түмэн хишигтэн, Окурус, Монгол судлалын хүрээлэн, Эф Дабл Юү Медиа ажиллаж үндэсний өв, түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх, үр хойчдоо үлдээх зорилгоор археологийн олдвор, түүхэн баримтад үндэслэн эртний Хархорум хотын өнгө төрхийг орчин үеийн виртуал технологиор бүтээжээ.
Эрхэм уншигч та бүхэн “Виртуал Хархорум” бүтээлийг өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизээр 19:00 цагаас, мөн маргааш буюу энэ сарын 29-нд 19:00 цагаас Virtual Kharakhorum ютүб сувгаар хүлээн авч үзэх боломжтой.