Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Цагдаагийн ерөнхий газарт ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажил болон нөхцөл байдалтай танилцлаа.
Мөн энэ үеэр Улсын онцгой комиссын “Шуурхай” ажлын хэсгийн ээлжит хурлыг хийлээ. Цагдаагийн байгууллагын мэдээллээр хөл хорионы үед бүх төрлийн гэмт хэргийн гаралт 20-50 хувиар буурсан байна. Цагдаа, дотоодын цэргийн 6799 алба хаагч 520 тээврийн хэрэгсэлтэйгээр хөл хориог сахиулж ажиллаж байна.
Зөрчлийн тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчсөн иргэдэд хариуцлага тооцсон байна. Шадар сайд “КОВИД-19” цар тахлын энэ үед салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллах нь чухал байгааг хэлсэн. Мөн замын хөдөлгөөн, нийслэл хотоос гадагш чиглэсэн товчоод, хил гаалиар нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд цагдаагийн байгууллагын хүч, идэвхи оролцоо чухал үүрэгтэй ажиллаж байгааг онцолсон.
Энэ үеэр цагдаагийн байгууллагын удирдлага, алба хаагчдын саналыг сонсож, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэж, тодорхой чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба