Манай улс энэ жил томуугийн тандалтын тогтолцоогоор дамжуулан COVID-19-ийн тандалтыг хийх ажлыг өнөөдрөөс эхлүүлж байна.
Өмнө нь ӨЭМТ, дүүргийн эмнэлэг болон нарийн мэргэжсэн эмнэлгүүдэд шинжилгээ авах цэг ажиллаж байсан бол өнөөдрөөс өргөтгөн явуулын 100 гаруй цэгээр дамжуулан томуу, томуу төст өвчлөлд өртсөн эрсдэлт бүлгийнхэн болон олон хүн ажилладаг ААН, худалдааны төв, нийтийн тээвэр, тохижилт үйлчилгээний газар, асрамжийн төв, эмнэлэг, эмийн сангуудад өргөжүүлсэн тандалт хийх юм байна.
Энэ нь амьсгалын замын халдвартай иргэдээс коронавирус шинжилгээ авах буюу эрт илрүүлгийг хийхийн тулд тандалтын сорьц цуглуулж эхэлж буй юм. Тандалтын 100 гаруй байгууллагаас 3-30 мянган сорьцыг долоо хоногт хийнэ.
ДЭМБ-ын удирдамжид хоёрдогч хавьтлыг шинжил гэсэн заалт байхгүй ч бид шинжилгээнд хамруулж байна. Манай улс голомтлон өвчлөлтэй орон учир хавьтал, хавьтлын хавьтал гэж хөөж, шинжилгээ хийж байна. Энэ мэтээр улс орныхоо онцлогт тохируулан тандалт шинжилгээг өргөн хүрээнд зохион байгуулж байна гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Манай улс томуугийн харуулан тандалтын тогтолцоотой орон. Бид томуугийн N1H1 зэрэг өргөн хүрээтэй халдваруудыг энэ тогтолцоогоороо дамжуулан илрүүлж, эмчилж байсан олон жилийн туршлагатай хэмээн мөн хэлсэн юм.
Л.Баяр