Монгол Улсын Зэвсэгт хүчний агаарын цэргийнхэнд оногдсон үүргээ биелүүлэх чадавхыг бэхжүүлэх, агаарын хил, орон зайн аюулгүй байдлыг хамгаалахад туслах зорилгоор ОХУ-аас 2019 оны арваннэгдүгээр сард байлдааны сөнөөгч “МиГ-29УБ” загварын хоёр онгоц нийлүүлсэн билээ. Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн эзэмшилд хүлээлгэн өгсөн уг хоёр хөлгийг манай нисгэгч нар агаарт нэг ч удаа хөөргөөгүй бөгөөд тус ангийн ангаарт хадгалж, хааяа гаргаж асааж буй аж. Учир нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас ОХУ-аас манай нисгэгчдийг сургаж, дадлагажуулах мэргэжилтнүүд ирж чадахгүй байгаа тул тодорхой хугацааны давтамжтайгаар ангаараас гаргаж асаадаг гэнэ. Гэтэл Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын харьяа дээрх ангийн алба хаагчдын хариуцлагагүйгээс болж “МиГ-29”-ийн өндөр, хурд, алслалт зэргийг хэмждэг ПВД хэмээх, хөлгийн урд хэсэгт байрладаг төхөөрөмжийг нь гэмтээсэн байна. Энэ талаар хэд хэдэн эх сурвалж “ОХУ-аас авсан хоёр сөнөөгч онгоцоо нисгэж чадахгүй байгаа. Өвөл хөлдөхөөс сэргийлж асааж байхдаа нэгийнх нь ПВД төхөөрөмжийг гэмтээсэн. Ангаараас автомашинаар чирч гаргаад асаадаг юм. Гэтэл машин нь ухарч очоод уг төхөөрөмжийг нь мөргөж хугалсан. Агаарын цэргийн командлал болон тус ангийнхан ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрынханд “Ижил төрлийн төхөөрөмж сольж тавьсан, одоо ямар ч асуудалгүй” гэсэн тайлбар хүргүүлсэн гэнэ лээ. Монголд өмнө нь “МиГ-29” загварын онгоц байгаагүй шүү дээ. Хаанаас ижил төрлийн төхөөрөмж олж тавьсан бэ гэдэг нь эргэлзээтэй. Монголд өмнө нь ашиглаж байсан сөнөөгч онгоцны ПВД төхөөрөмж шинэ төрлийн онгоцонд таарахгүй шүү дээ. Хөл хорионы дэглэм буурч, Оросоос сургагч нисгэгч нар ирээд хөөргөх гэхээр болохгүй л болов уу” гэсэн мэдээлэл өгсөн юм. Өөр нэг нь “Сөнөөгч “МиГ- 29” онгоц авснаасаа хойш жилийн дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард ийм явдал болсон нь үнэн” гэлээ.
Бэлтгэсэн: Д.Дайчин