Улаанбаатар хот болон аймгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны 11 дүгээр сард ажилгүй 6.4 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 2.2 мянган иргэн ажилд зуучлуулан орж, 4.0 мянган иргэн ажил идэвхтэй хайгаагүй шалтгаанаар бүртгэлээс хасагджээ.
Үүнээс Улаанбаатар хотод 11 дүгээр сард нийт 2.4 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 629 иргэн ажилд зуучлуулан орсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.5 (18.6 хувь) мянга, ажилд зуучлуулан орсон иргэд 1.2 (34.4 хувь) мянга, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.4 (25.5 хувь) мянган хүнээр буурав.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд энэ оны 11 дүгээр сарын эцэст 30.9 мянга, үүнээс 18.6 (60.1 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 12.3 (39.9 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 2.6 (12.1 хувь) мянган хүнээр буурч, өмнөх сараас 269 (1.5 хувь) хүнээр өсжээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.9 (53.2 хувь) мянга нь эмэгтэйчүүд аж.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 350 (1.9 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд 176 (50.3 хувь) нь эмэгтэйчүүд.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 11 дүгээр сард 6.4 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.6 (55.3 хувь) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн, халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 511 (16.7 хувь) хүнээр өсжээ.
Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, гурван хүн тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.1 хувийг 15-34 насны залуус эзэлж, энэ үзүүлэлт Архангай, Өвөрхангай, Дорноговь, Төв, Ховд, Дорнод, Говьсүмбэр, Увс, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.4-25.2 пунктээр дээгүүр байна.
Б.Эрдэнэ