“Эрдэнэс Монгол” нэгдлийн “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн геологи хайгуулын баг олон улсын чанарын стандартад нийцсэн нөөц тогтоох хайгуулаа амжилттай хийж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн алтны нөөцийг 53.14 тонноор нэмэгдүүллээ.
Геологи хайгуулын ажил нь гадны зөвлөх мэргэжилтнүүдийн оролцоогүй зөвхөн Монголын геологичид, уул уурхайн салбарын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааны үр дүн юм.
“Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн геологи хайгуулын баг УУХҮЯ, Үндэсний геологийн алба, “Геологийн Судалгааны Төв” ТӨҮГ, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ, ШУТИС-Геологи уул уурхайн сургууль, “Ханлаб” ХХК, “Геоаналитик” ХХК, “Лэнд Тест” ХХК болон П.Батчулуун, Б.Балдорж нарын шинжээчтэй хамтран, ажлаа зөв төлөвлөснөөр дөрвөн сарын хугацаанд нөөц тогтоох, хайгуул хийжээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Овоот хяр (XV-21670), 22641,51 гектар бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газраас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-д энэ оны наймдугаар сарын 27-нд олгосон юм.
Б.Эрдэнэ