Эх сурвалж : ӨДРИЙН СОНИН
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга “Эрдэнийн судар”-ыг дээдлэн залах тухай 149 дүгээр зарлигийг 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд гаргасан. Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг судлан тодорхойлж, “Эрдэнийн судар”-т тэмдэглэн үлдээсэн Соёл урлагийн их сургууль, Монголын Шинжлэх ухааны академи, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдаас гаргаж буй санал, санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжиж, монгол хүн, гэр бүл, төрт ёс, эх нутаг, монгол хэл, эрдэм боловсрол, ёс суртахуун, өв соёл, нүүдэлчин ухааныг монгол түмний эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс мөн хэмээн үзэж уг зарлигийг гаргаад байгаа юм.
Энэхүү санал санаачилга, зорилгын хүрээнд Монголчуудын судар бүтээх эртний уламжлалыг үндэслэн, эрдэнийн судрын шоголыг СУИС-ийн “Хөх урлан”-д арван долоодугаар жарны гал бичин жил буюу аргын тооллын 2016 онд дархлан бүтээжээ. Монгол дарханы ур ухааныг шингээн, уламжлалт гар урлалын аргаар, есөн эрдэнээр тэтгэн “номын өр” буюу дэр хавтас нь ширээнээ угсраа залагдсан байдлаар дээрх шоголыг СУИС-ийн Д.Амгалангийн нэрэмжит Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн дарханы “Хөх урлан”-д бүтээгээд байна.
“Монголчуудын үнэт зүйл” эрдэнийн судрын шогол
Номыг дээд шүтээн болгон урладаг уламжлал дэгээр хүрэн сум модоор зөрүүлэг хавсран, тагнай сугсуургад углуургадан ур зангидаж, түмэн наст лугаа алтан од суулган, хар сум модоор хөл тулааг бататган, зээ хашлагаар “донтор”-ын утгыг бэлгэдэжээ.
Шоголыг Хөх урлангийн торгон хийцийг ашиглан чимэглэсэн бөгөөд торгон хийц нь угалз бүхий язгуурын хөх дархаас улбаалсан нэгэн зүйлийн дэг бөгөөд үлгэрийн увдист болон ардын уламжлал, удамт язгуурын дүр төрх шингэсэн төдийгүй, урлахуйн харах, сэдэх, бясалгах гурвыг давхар илтгэсэн“цэцэглэн бадрагч” гэх агуулгатай юм.
Ийнхүү шогол дахь дүрс зурлагыг дорнын урлахуйн “гурвалын онол”, урлахуй ухааны зохиомжийн сонгодог харьцааны онол болон өрнийн судлаачдын алтан огтлолын хуультай шүтэлцүүлэн бүтээхийг эрхэмлэх зэргээр “судалгаанд үндэслэн – сургалтаар бататгаж – бүтээн дархлахуйн” цогц буюу агуулга, ур хийцийн хувьд бие даасан урлагийн бүтээл, хойч үедээ өвлүүлэх нандин өв боллоо.
Энэхүү үнэт биет өв болох шогол дотор, түмэн наст хээг мөнгөн утсаар жийжүү гүйлгэн урласан улаан модон эрдэнийн судрын хуудаснаа эцэг өвгөдөөс өвлөн авсан, өдгөө бид соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд дархлан тодотгосон монгол бичиг тэргүүтэй дөрвөлжин, соёмбо зэрэг бичиг үсгийн соёлыг дээжлэн шингээж, сонгодог тигээр “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс”-ийг бичин тэмдэглэжээ.
Мөн босоо гурвалжин нь хүний хөгжлийн загвар бөгөөд хүний хөгжлийн суурь тулгуур нь ёс суртахуун. Ёс суртахууны мэдрэмжтэй хүн л зөв хөгжинө. Харин хөмөргөн гурвалжин нь хүн төвт нийгмийн харилцааны загвар бөгөөд хүний нийгмийн цөм нь хүн бөгөөд нийгмийн харилцааны түлхүүр нь ёс суртахууны мэдрэмж ухамсар бүхий хүн. Хэм хэмжээт ёс суртахуунтай хүний нийгэм л зөв хөгжинө гэсэн утгыг илэрхийлсэн байна.