УИХ-ын чуулганы хуралдаанаар, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлд АТГ-ын дэд даргыг Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ томилдог бус АТГ-ын дарга нь томилох өөрчлөлтийг тусгаад байгаа юм. Төрийн албаны тухай хуулиар, УИХ-ын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа. Тиймээс уг төслийг боловсруулжээ.
Харин Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, АТГ-ын дэд даргыг АТГ-ын даргын санал болгосноор УИХ томилгооны сонсгол явуулж зургаан жилийн хугацаагаар томилох санал гаргасан байна. Уг саналыг гишүүдийн олонх нь дэмжсэнийг чуулганы хуралдааны үеэр танилцуулав.
Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй зургаан саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ингэснээр хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.