Тэрбумтан, Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс 2020 оныг сүйрлийн жил хэмээн нэрлэсэн. Гэхдээ 2021 он илүү дээр жил байх болно гэж блогтоо тэмдэглэжээ.
Гейтс эмийн компаниудын коронавирусийн вакциныг бүтээж, туршихдаа хурдтай ажилласан гавьяанд талархах учиртай гээд, ирэх онд дэлхийн хүн амын ихэнх хэсэг вакцинд хамрагдах боломжтой болно гэжээ.
Үүнээс гадна бас нэг гарсан эерэг өөрчлөлт бол хүмүүс амны хаалттайдаа эвлэрч, зай барихын чухлыг ойлгож, халдварын тархалт тэр хэрээр буурч байгаа гэжээ.
Билл Гейтс коронавирусийг дэлхий даяараа ялж чадна гэдэгтээ найдаж байна. Улс орнууд энэ цар тахалтай хэрхэн тэмцэж байгааг хараад түүнд өөдрөг сэтгэгдэл төрөх болсон гэжээ.
Microsoft-ыг үүсгэн байгуулагч вакцин бүтээх амжилттай төслүүд дэлхийд улам олон болно гэж тооцож байна. “Янз бүрийн гаргалгааг ашиглаж байгаа ийм олон компани байхад илүү их боломж гарч ирнэ. Зарим вакцинууд аюулгүй, үр дүнтэй гэж гарна. Одоогоор ийм вакцин хоёр байна. Цаашид үүнээс ч олон болно” хэмээн тэрбээр бичжээ.
Гейтсийн үзсэнээр эмийн компаниуд хоорондоо санхүүгийн эрсдэлээ хуваалцаж, үйлдвэрлэл, нөөц, технологио хүртэл солилцож байгаа нь эерэг хандлага гэж Гейтс үзэж байна. “Вирусийг бүрэн ялахын тулд 5-10 тэрбум тун вакцин үйлдвэрлэх шаардлагатай. Гэвч энэ бол гол асуудал биш. Гол саад бол ложистик. Гэхдээ хүн төрөлхтөн энэ асуудлыг ч шийдэж чадна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Мөн хүмүүс тарилгад үл итгэх байдал арилж, вакцины тухай худал хуурмаг онол ч тараах нь багасна гэж тооцож байна.