Жил бүр дэлхий дахинд 300.000 гаруй хүүхэд хорт хавдартай хэмээн оношлогддог. Эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь бага болон дунд орлоготой улсуудад амьдардаг ба хавдрын эмчилгээ дутмаг, өндөр өртөгтэй улмаас бага болон дунд орлоготой улсуудын хорт хавдартай хүүхдүүдийн 20-30 орчим хувь нь амьдардаг бол өндөр орлоготой улсуудад энэ үзүүлэлт 80 гаруй хувьтай байдаг байна.
Энэ тэгш бус байдал нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт 2030-ыг биелүүлэхэд бэрхшээл үүсгэж байна.
2018 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий ассамблейн үеэр ДЭМБ 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдүүдийн зовлон шаналлыг бууруулж, амьдрах чадварыг наад зах нь 60%-д хүргэж нэмэгдүүлэх зорилго бүхий “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачилга”-ыг эхлүүлсэн.
Энэхүү санаачилга нь хорт хавдартай хүүхдүүдийн амийг аврах чадавхыг бэхжүүлэх, зовлон шаналлыг бууруулах нэгдсэн зорилгын дор салбар бүрийн хамтрагч талуудыг нэгтгэж байгаа юм.
Монгол Улсад жилд 70-90 орчим хүүхдийн хорт хавдрын тохиолдол шинээр оношлогдож байна. Хорт хавдартай хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахад бодлого эрхзүйн орчин, хүний нөөцийг мэргэшүүлэх, хүүхдийн хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чадавхыг сайжруулах, тэдний нийгмийн халамжийн асуудлыг анхаарах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн яам “Хүүхдийн хорт хавдрын эсрэг Глобаль санаачилга”-д нэгдэж байгаагаа илэрхийлэн ДЭМБ болон Хүүхдийн хорт хавдрын асуудлаарх ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв – АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлгийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн сайдын ивээл дор “Хавдаргүй үрс” үндэсний анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж байна.
Зөвлөгөөнөөр хүүхдийн хорт хавдрын тулгамдсан асуудал, өнөөгийн байдал, ахиц дэвшлийг тодорхойлох, хүүхдийн хорт хавдрын цогц тусламж, үйлчилгээний 9 чиглэлээр тухайлбал бодлого, төлөвлөлт; хүний нөөцийг чадавхжуулах; нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн хүрээнд олон нийтийн оролцоог дээшлүүлэх; хүүхдийн хорт хавдрын оношилгоо; эмчилгээг сайжруулах; нотолгоонд суурилсан судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих; сувилахуйн тусламж, үйлчилгээ; нэгдсэн бүртгэл мэдээлэл; нийгмийн халамж ба хүүхдийн тасралтгүй боловсролын асуудлаарх ололт амжилт, тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлагыг хэлэлцэх бөгөөд цаашид хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, зөвлөмж боловсруулах юм.
Эрүүл мэндийн яам