Засгийн газраас арванхоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Цаг үе нэлээн өөрчлөгдсөн учраас эргэж харах юм нэлээн байгаа байх. Зарим хэрэггүй арга хэмжээгээ больсон нь дээр. Сая хамгийн гол арга хэмжээгээ авчихлаа шүү дээ. Цахилгаан, дулааны үнийг тэглэж байгаа нь асар их мөнгө. Энэ нь бидний барьж чадахгүй байгаа 200 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц байгуулах хэмжээний мөнгө. Мөнгөгүй гэж 10 жил явсан хэр нь энэ үед гаргаад ирж байна. Үүнийг бодох хэрэгтэй.
Хамгийн гол голомт эмнэлэг болчихоод байна. Ихэнх орнууд голомтод ажиллаж байгаа эмч нараа 72 цаг тутамд PCR шинжилгээнд хамруулж байгаа юм байна. Бид ямар арга хэмжээ авч байгаа вэ. Хорино цагдана гэдэг л хялбар юм ярих юм. Бусад орнууд бизнесээ зогсоохгүй байгаа юм билээ.
Улаанбаатарыг хаагаад дотор нь бизнесийг нь явуул. Я.Содбаатар сайд аа, та жаахан ухаалаг бай л даа. Юм л бол хаана гэх юм. Бизнесийг хаана гэдэг нь шинээр бизнес эхлүүлсэн олон хүнийг нуга дарж байна. Эд чинь зөв аргаар мөнгө олдог хүмүүс.
Шадар сайд Я.Содбаатар: Би хаагаад байгаа зүйл биш л дээ. ДЭМБ болон мэргэжлийн эрдэмтэн судлаачид нь халдвар дэлгэрнэ, жилийн эцэс болоход шинээр халдвар авсан хүний тоо 400-450 хүн болох нь, цагаан сар болоход 2,800 хүн болох нь гээд зөвлөсөн. Тиймээс дэлхий нийтийн жишгээр хөл хорионы арга хэмжээ авч байгаа.
Анхны тохиолдол гарч байх үед халдвар хамгааллын дэглэм барихгүй бол нэг хүнээс найман хүнд халдварлах чадвартай гэж үзэж байсан. Харин хөл хорионы дэглэм барих үед нэгээс нэг хүнд болж буурсан. Сүүлийн голомт тогтоогдсон хугацаанд нэг хүний халдварлах чадвар 1.5 хувьд хүрч байна. Үүнийг нэг хувьд буулгаж байж хөл хорионы дэглэмийг бууруулна гэдэг маш нарийн судалгааг мэргэжлийн хүмүүс гаргаж өгч байгаа.