БНСУ-д корона вируст халдварын дэгдэлт эрчимтэй явагдаж байгаагаас суугаа орны Засгийн газар 2020.12.23-ны 00.00 цагаас 2021.01.03-ны өдрийг хүртэл Сөүл хот, Инчон хот болон Кёнги мужийн нутаг дэвсгэрт таваас дээш хүний бөөгнөрөл бий болгох аливаа үйл ажиллагаа, гэр бүлийн цуглаан хийхийг хориглох шийдвэр гаргаад байсан.
Улмаар 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр БНСУ-ын Ерөнхий сайд 5 дээш хүний бөөгнөрөл үүсгэхийг улсын хэмжээнд хориглох шийдвэр гаргав. БНСУ-д коронавируст халдвар манай иргэд ихээр оршин суудаг Сөүл хот, Кёнги мужийн бүс нутагт ихээр бүртгэгдэж, ихэвчлэн асрамжийн төв, сүм, ажлын байр, сургалтын байгууламж, хоолны газар, найз нөхөд, гэр бүлийн уулзалт цуглаанаас халдварын тохиолдол илэрч байна.
Иймд БНСУ-д оршин суугаа манай улсын иргэд суугаа орны хууль, төрийн байгууллагын шийдвэрийг дагаж, зайлшгүй шаардлагагүй бол олон нийтийн газруудаар явахаас зайлсхийж, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд уулзалт цуглаан зохион байгуулахгүй байхад анхаарч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлнэ үү.
Үүнд:
1. Нийт иргэд амны хаалт зүүх, олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих зэрэг хорио цээрийн журмыг чанд сахих;
2. Нийт иргэд өдөр тутмын өргөн хэрэглээний хүнс, бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гадуур аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, аялалыг хойшлуулах ба цуцлах, зайлшгүй гадагш гарах шаардлагатай бол хүмүүстэй “хувийн хоёр метрийн зай барьж” харилцах журмыг мөрдөх;
БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэд нь хорио цээрийн онц байдлын үеийн энэ журмыг солонгос иргэдийн адил дагаж мөрдөх үүрэгтэй МАНАЙ ИРГЭД ОЙЛГОН УХАМСАРЛАЖ, ОРШИН СУУЖ БАЙГАА УЛСЫНХАА ХАЛДВАР ХАМГААЛЛИЙН ДЭГЛЭМИЙН ЖУРМЫГ ХАТУУ САХИЖ МӨРДӨХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА.
Хэрэв таньд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эрүүл мэндийн төвүүдэд хандана уу.
Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам