Манай улс Коронавирусийн халдварын дэгдэлтээс урьдчилан сэргийлж эртнээс шуурхай, шийдэмгий арга хэмжээнүүдийг авч ирсэн. Коронавирусийн батлагдсан тохиолдол цөөн байгаа хэдий ч энэ цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилж, улмаар ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүндээр нөлөөлж магадгүй учраас нийгэм, эдийн засгийн байдлыг хянах цаг үеээ олсон мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлага байсан талаар тайлангийн танилцуулгадаа дурьдсан байна.
Коронавирусийн өрхөд үзүүлж буй нөлөөг “цаг тухайд нь” хянах зорилгоор Үндэсний статистикийн хороо (ҮСХ) болон Дэлхийн банк (ДБ) хамтран “Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-г зохион байгуулж байна.
Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны судалгаанд хамрагдсан өрхүүдээс 2000 өрхийг дэд түүвэрлэлт хийн сонгож, улсын хэмжээнд төлөөлөх чадвартай байх нөхцлийг ханган нэг ижил өрхүүдээс хэд хэдэн үе шаттайгаар мэдээлэл цуглуулж, ажиллаж байна. Эхний шатны судалгааг 2020 оны 5 дугаар сарын 22-29, хоёр дахь шатны судалгааг 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 7-ны өдөр зохион байгуулсан. Уг судалгаа нь Коронавирусийн цар тахлын нөлөөг (i) эдийн засгийн өөрчлөлтийн байдал (ii) хүмүүсийн зан үйлийн өөрчлөлт болон мэдээллийн хүртээмж (iii) боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн үйлчилгээний хүртээмж (iv) бэрхшээлийг хэрхэн даван туулж буй байдал (v) тусламж, дэмжлэгийн үзүүлж буй нөлөө зэрэг чиглэлээр судалсан.
Үндсэн үр дүн (Хоёрдугаар шат):
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчин өрхүүд хоёрдугаар шатны мэдээлэл цуглуулалтын судалгааны үед ч сөрөг нөлөөлөлд үргэлжлэн өртсөөр байсан байна.
Цар тахал эхэлснээс хойш өрх бизнесийн үйл ажиллагаагаа зогсоох, орлого нь буурах хандлага үргэлжилсээр байна. Хоёрдугаар шатны судалгааны үеэр бизнесээ үргэлжлүүлэн эрхэлж байгаа (хагас буюу бүтэн цагаар) 4 өрх тутмын 3-ынх нь орлого 2019 оны 8-р сартай харьцуулахад буурсан байна.
ХАА-н хөдөлмөр эрхлэгчдийн тал хувийнх нь орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна. Тухайлбал, малын гаралтай бүтээгдэхүүний үнэ буурсан, ялангуяа ноолуурын үнэ буурсан нь малчдын орлого буурахад нөлөөлсөн.
Хүнсний баталгаат байдал ядуу давхаргын хувьд хүнд асуудал хэвээр байгаа ба нэг, хоёрдугаар шатны хооронд дорвитой сайжралт ажиглагдсангүй.
Хоёрдугаар шатны судалгааны үед 5 ядуу өрх тутмын 2 нь хангалттай/эрүүл хүнс олж чадна гэдэгтээ итгэлгүй, 4 ядуу өрхийн 1 нь дараа долоо хоногийнхоо хүнсэнд санаа зовниж байв.
Нийгмийн халамжийн тэтгэмж болон нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт өрхөд учрах сөрөг нөлөөллийг бууруулахад тус болсон.
Цар тахлын үеэр өрхүүдийн 81 хувь нь төрөөс ямар нэгэн хэлбэрийн халамж, тусламж хүртсэн ба халамж, тусламж авсан өрхүүдийн 90 гаруй хувьд нь орлогын алдагдлыг нь бүрэн буюу тодорхой хувиар бууруулсан байна.
Өрхүүдийн дийлэнх нь (96%) нийгмийн халамж, тусламжаа хүлээн авахдаа ямар нэг хүндрэлтэй тулгараагүй байна. Өрхүүдийн дийлэнх хувь нь (75%) мөнгөн тусламжийг шууд ашигласан буюу удахгүй бэлнээр авч ашиглах гэж байв.
Үндсэн үр дүн (Нэгдүгээр шат):
Хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон малчин өрхүүд цар тахлын сөрөг нөлөөлөлд өртсөн байна.
2020 оны 1 дүгээр сарын 27-ноос хойш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 16 хувь нь ямар нэгэн орлого олоогүй, 73 хувь нь бизнесийн орлого буурсан гэж хариулжээ. Коронавирусийн тархалтаас шалтгаалан өрхүүд бизнесийн үйл ажиллагаагаа зогсоосон, үйл ажиллагаа нь тасалдсан болон үйлчлүүлэгчийн тоо буурсан зэрэг нь орлого буурахад голлон нөлөөлжээ.
Малчин болон газар тариалан эрхлэгч өрхүүдийн 70 хувь нь 2019 оны 5 сартай харьцуулахад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого буурсан гэж хариулсан байна.
Коронавирусээс шалтгаалсан сөрөг нөлөөнд цалинтай хөдөлмөр эрхэлдэг хүн ам харьцангуй бага өртсөн хэдий ч гурван өрх тутмын нэгийнх нь цалингийн орлого буурсан байна.
Ядуу хүмүүсийн хувьд хүнсний баталгаат байдал нь чухал асуудал юм.
Ядуу хүмүүсийн бараг тал хувь нь сүүлийн 30 хоногт мөнгө, санхүүгийн дутагдал болон үнэ өссөний улмаас хангалттай хоол хүнс олж авч чадах эсэхдээ санаа зовсон байна. Мөн ядуу дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж хариулжээ.
Ядуу дөрвөн өрх тутмын нэг нь (23 хувь) ирэх 7 хоногийнхоо хоол, хүнсний хангалттай байдалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Өрхийн санхүүгийн байдалдаа санаа зовж буй тал дээр анхаарах шаардлагатай.
Өрхүүдийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхүүдийн 53 хувь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна.
Сургуульд суралцдаг хүүхэдтэй 4 өрх тутмын 3 нь боловсролын зайны сургалтын үйл ажиллагаанд хамрагдсан байна. Дийлэнх өрхүүд сургалтын үйл ажиллагааны чанар, хэрэгжилтэд сэтгэл хангалуун байгаа боловч хүүхдүүдэд гэрээр суралцах сургалтын үйл ажиллагаанд нь өрхийн бусад гишүүдийн тусламж хэрэгтэй байсаар байна.
Коронавирусийн цар тахлаас шалтгаалан эрүүл мэнд болон санхүүгийн үйлчилгээ авахад өрхүүдэд ямар нэгэн саад бэрхшээл тулгараагүй байна.
Contact Information
Ikuko Uochi
Economist
https://www.worldbank.org/
E-mail: iuochi@worldbank.org