Гадаад харилцааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим БНХАУ-ын ШУӨЗО-ны Худалдааны газартай хамтран “Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа цахим үзэсгэлэн”-г энэ оны 12 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулав.
Арга хэмжээг монголын талаас ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, хятадын талаас ШУӨЗО-ны дэд тэргүүлэгч Жао Чунжиу нар тус тус ахлан үг хэлэв.
Арга хэмжээнд монголын талаас Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймаг, МҮХАҮТ болон аж ахуйн нэгжийн төлөөлөл хятадын талаас ШУӨЗО-ны Боомтын алба, Өрөмч хотын Гаалийн газар, ШУӨЗО-ны Хами хот болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан хэлсэн үгэндээ Монгол Улс, БНХАУ-ын худалдааны бүтцийг сайжруулах, уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, бүс нутагт эрүүл, аюулгүй, нэмүү өртөг шингэсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэхийг зорьж буйг дурьдав.
Мөн хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ технологи нэвтрүүлэх, уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг илүүтэй дэмжих бодлогыг баримталж буйг онцлов.
Мөн тэрээр Монгол Улсын баруун таван аймгаас ШУӨЗО-руу хийх махны экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хоёр талын худалдааг энэ бүс нутагт нэмэгдүүлэхэд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдааны хориг саадыг багасгах, хил гаалийн байгууллагуудын уялдаа холбоо, чадавхийг сайжруулахын төлөө хоёр тал хүчин чармайлт гаргах ёстойг онцгойлон тэмдэглэв.
БНХАУ-ын ШУӨЗО-ны дэд тэргүүлэгч Жао Чунжиу хэлэхдээ хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийг гүнзгийрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын баруун бүсийн хилийн боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг сайжруулах тал дээр хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв. Мөн Монгол Улстай уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай тэр дундаа мах махан бүтээгдэхүүн, эрчим хүчний худалдааг нэмэгдүүлэх тал дээр бүхийл талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Арга хэмжээний төгсгөлд “Худалдааг дэмжих нийгэмлэг” ТББ БНХАУ-ын “Шинжааны төмөрлөг олон улсын худалдаа” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.
Гадаад харилцааны яам