УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийж байна. Бүлгийн хуралдаанаар есөн асуудал хэлэлцсэн байна.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Вакцинжуулах ажлыг ахалж байгаа хүн нь Сангийн сайд байх нь тохиромжгүй. Бусад улс оронд Эрүүл мэндийн сайд эсвэл Ерөнхий сайд нь энэ ажлыг хариуцаж түргэн шуурхай ажиллаж байгаа тул ирэх долоо хоногт энэ асуудлаар дахин мэдээлэл авна. Засгийн газраас цахилгаан, дулаан, хог, усны мөнгийг төрөөс даах болсонтой холбоотойгоор дагалдах журам гарсан. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж, дараа нь иргэдийг буруутгадаг байдал газар авлаа. Угаас цахилгаан эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт дутмаг байсан. Иргэд нохойны үүрээ халааж байна гэж байна. Ийм зүйл байхгүй. Иргэдийн хэрэглээ бага, угаас цахилгааны хангамж тал дээр анхаарал хандуулах ёстой.
Өнгөрсөн баасан, бямба, ням гарагт Ардчилсан Нам, ардчиллыг дэмждэг хүн бүрт анхаарууштай үйл явдал боллоо. АН-ын X их хурал болж 1206 төлөөлөгч цахимаар хуралдсан. Бүлгийн гишүүд идэвхтэй оролцож, үр дүнтэй хурал болгож чадлаа” гэв.
Мөн тэрбээр Засгийн газар цар тахлын үед бүх хүчээр ажиллаж байгаа хэдий ч судалгаа, тооцоогүй шийдвэр гаргаж байгаагаас иргэд хохирдог, иргэдийг бухимдуулж байгааг шүүмжилсэн юм. Эрх мэдэл, бяр байхад ухаан хэрэггүй мэтээр аашилж байгаа учраас эрдэмтэн судлаачдын үгийг сонсож байх хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн арван сарын хугацаанд УОК, Засгийн газар хэдэн хар эрээн хувцас бэлтгэснээс өөр онц хийсэн зүйлгүй байгаан дээр энэ нөхцөлд иргэдийн эрхийг зөрчсөн шийдвэрүүдийг гаргаж байна гэв.
АН-ын X их хурлаар тавьсан зорилгоо биелүүлж, хэлэлцэх асуудлуудаа хэлэлцсэн гэдгийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан хэллээ. Хурлаар АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэн баталсан байна. Дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээр хэрэгжиж эхлэх юм байна.