Их Британи улсын засаг захиргаанаас коронавирусийн генетикийн нэг хувилбар тархаж эхэлсэн тухай өнгөрсөн долоо хоногийн эхээр зарласан билээ. Энэ вирусийн штаммын талаарх баримтууд болон дэлхий дахин хэрхэн хүлээн авч байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Коронавирусийн шинэ хувилбарын тухай
- ДЭМБ-аас коронавирусийн шинэ хувилбар Британид есдүгээр сард гарсан гэж зарлажээ.
- Хожим коронавирусийн энэ мутаци Дани, Нидерланд, Австралид бүртгэгдсэн гэж ДЭМБ-аас мэдээлсэн аж. ӨАБНУ, Италийн төр засаг ч шинэ штамм илэрсэн тухай мэдэгджээ.
- Вирусийн шинэ хувилбар Британид үүссэн үү, эсвэл гаднаас зөөвөрлөж ирсэн үү гэх мэдээлэл одоогоор алга байна. Вирусийн шинэ хувилбарын эсрэг вакцин үйлчлэхгүй гэсэн мэдээлэл ч байхгүй байгаа юм.
- ДЭМБ-ын тусгай элч ВОЗ Дэвид Набарро Британид илэрсэн коронавирусийн мутаци хэдийгээр илүү халдварлах чадвартай боловч хүнд илүү аюултай биш гэж мэдэгдсэн аж. Сүүлд нь ДЭМБ-аас шинэ штаммын сэдвээр Британийн засаг захиргаатай нягт хамтран ажиллаж байгаа гээд энэ штаммын тухай илүү ихийг мэдмэгц, шинж тэмдэг, бусад мэдээллийг цаг тухайд нь өгнө гэж амласан байна.
- Германы Эрүүл мэндийн яамны тэргүүн Йенс Шпан Европын зарим оронд илэрсэн коронавирусийн мутаци вакцинд үйлчилдэггүй байх магадлалтай гэсэн.
Их Британийн нөхцөл байдал
- Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Их Британид COVID-19-ийн өвчлөл огцом өсөж байгаа нь коронавирусийн генетикийн шинэ хувилбартай холбоотой, уг хувилбар 70%-иар илүү халдварладаг гэжээ. Гэхдээ шинжээчид одоохондоо мутацлагдсан вирус өмнө нь тархсан хувилбараа бодвол илүү үхлийн аюултай гэсэн нотолгоо олоогүй гэжээ.
- Коронавирусийн мутацлагдсан хувилбар Их Британид есдүгээр сард илэрсэн ч арваннэгдүгээр сарын дунд үеэс эрчимтэй тархаж эхэлсэн гэж Английн нийтийн эрүүл мэндийн албанаас мэдэгджээ.
- Лондонд болон Английн зүүн өмнөд хэсэгт арванхоёрдугаар сарын 19-нд халдварын тархалтын 4-р түвшин (хамгийн дээд) зарлаж, нэн шаардлагатай хэрэгцээний бараа бүтээгдэхүүн худалдаалдаггүй дэлгүүрүүд, үсчин, гоо сайхны салон, спорт заалууд, дээр нь ресторан, паб, кафег хаажээ.
- Лондон хотын иргэд хязгаарлалтаа чангатгах тухай зарласны дараа хотоо бөөн бөөнөөрөө орхиж байна.
- Британийн Засгийн газраас нэг хоногийн дотор коронавирусийн 35,9 мянга тохиолдол илэрч, хамгийн өндөр тохиолдол болсон тухай арванхоёрдугаар сарын 20-нд мэдээлжээ.
- Британийн Засгийн газрын Cobra онц байдлын хороо коронавирусийн мутацлагдсан хувилбар тархаж байгаа энэ үед арванхоёрдугаар сарын 21-нд тээврийн хэрэгслийг хязгаарлах асуудлаар хуралдахаар зэхэж байна. Шуурхай хуралдааныг Борис Жонсон биечлэн удирдана.
Дэлхий нийт хэрхэн хүлээн авав?
- Нидерланд улс Британитай зорчигч тээврийн нислэгээ хориглолоо. Энэ арга хэмжээ нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
- Францын төр засгаас Британитай нислэгээ 48 цагаар зогсоохоор шийдвэрлэжээ.
- Израиль улс Их Британи, Дани, ӨАБНУ-аас ирэх нислэгүүдээ цуцалжээ.
- Герман арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Британитай нислэгээ зогсоож байна. Гэхдээ ХБНГУ-ын нутаг дэвсгэрт шинэ штамм илрээгүй гэжээ.
- Итали улс Их Британиас орж ирэхийг хориглолоо. Британийн бүх нислэгийн компанитай нэгдүгээр сарын 6-ныг хүртэл хугацаанд агаарын харилцаагаа зогсоожээ.
- Литва улсын Засгийн газар арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл Британиас ирэх нислэгийг зогсоолоо.
- Австри улс Британиас ирэх зорчигч тээврийн нислэгийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэв.
- Болгараас Британи руу нисэх, буцах чиглэлийг арванхоёрдугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 31-нийг хүртэл зогсоожээ.
- Чех улс Британиас ирсэн хүмүүсийг заавал тусгаарлаж байна. Эрүүл мэндийн яамнаас нь сүүлд нь даваа гарагаас эхлэн Британийн агаарын тээврийн онгоцнуудыг хүлээн авахгүй гэж зарлав.
- Испанид Британиас ирэх хүмүүсийг коронавирусийн шинжилгээнд хамруулсан байх шаардлага тавьж байна. Түүнчлэн Засгийн газар нь Европын холбоог энэ асуудалтай холбоотой хариу арга хэмжээ боловсруулахыг уриалжээ.
- Орос-Британийн хооронд нислэг зогсоох тухай шийдвэр одоогоор байхгүй. “Аэрофлот”-оос энэ тухай мэдээлжээ.
- АНУ-ын ЭМЯ одоохондоо шинэ штаммаас болоод түгших шалтгаан байхгүй гэж мэдэгджээ. Америкийн халдвар судлаач Монсеф Слауя коронавирусийн шинэ генетикийн хувилбар байна уу гэдгийг улс орондоо тогтооно, гэхдээ вакцинууд үүнээс хамгаалж чадна гэж мэдэгдэж байна.
- Энэтхэгийн ЭМЯ шинэ мутацтай холбоотой яаралтай хуралдаан зохион байгуулж байна.
- Швед улс мөн Британиас ирэхийг хориглох төлөвтэй байна.
- Эстон улс он дуустал Британитай агаарын тээврийн харилцаагаа зогсоолоо.
- Кипр улс Их Британиас нисэж ирсэн зорчигчдыг 14 хоногийн тусгаарлалтад орууллаа.
- Латви улс арванхоёрдугаар сарын 21-нээс зорчигч тээврийн харилцаагаа зогсоож байна.
- Туркийн засаг захиргаа Британи, Дани, Нидерланд, ӨАБНУ-аас ирэх нислэгийг түр зогсоохоор шийдвэрлэв.
- Европын холбооны зөвлөлийн эх сурвалж Европын холбооны орнуудын төлөөлөгчид Британид коронавирусийн шинэ мутаци илэрсэнтэй холбоотойгоор онлайнаар хуралдана гэж мэдээллээ.
- Саудын Араб олон улсын агаарын харилцаагаа зогсоохоо зарлалаа. Үүнээс гадна газрын болон тэнгисийн хилээ түр хаалаа. Хориг долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ. Шаардлагатай бол дахин долоо хоногоор сунгана гэж ДХЯ-наас нь мэдэгджээ.
- Швейцарын засаг захиргаа ч мөн Британи, ӨАБНУ-тай хийх агаарын харилцаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.
- Хорват улс Британиас ирэх агаарын харилцааг 48 цагаар зогсоов.
- Финланд, Британийн хоорондын агаарын зорчигч тээвэрлэлтийг арванхоёрдугаар сарын 21-нээс эхлэн хоёр долоо хоногоор зогсоож байна.
- Марокко улсын засаг захиргаа Британитай арванхоёрдугаар сарын 20-ны оройноос агаарын тээврээ зогсоох шийдвэр гаргажээ.