“Жүр үр” компаний орлого 60 хүртэл хувь буурсан ч ажлын байрыг хадгалж үлдсэн талаар тус компаний захирал Б.Мөнхзул хэвлэлд ярьсан байна.
“Жүр үр”-ийн орлого 60 хүртэл хувь буурсан ч нэг ч ажлын байрыг цомхтгоогүй
Тэрбээр “Цар тахлын дам нөлөөлөл энэ оны эхнээс бүх салбарт тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлсөөр ирсэн. Харин одоо цар тахлыг дотооддоо алдаж хориглолтын арга хэмжээнүүд хэрэгжүүлж эхэлснээр бизнесийн бүхий л салбар гүнзгий хямралд орж эхэллээ.
Хэдийгээр хүнсний салбарын үйл ажиллагаа явагдаж байгаа хэдий ч иргэдийн ихэнх нь гэртээ хоригдсон эсвэл орлогогүй, орлого нь буурч байгаа учраас гол нэрийн хүнсний бараанаас бусад бүтээгдэхүүний борлуулалт эрс бууралттай байна. Манай компанийн хувьд орлого 60 хүртэл хувиар буураад байгаа хэдий ч ажлын байраа бүрэн хамгаалж учраад байгаа бэрхшээлийг амжилттай даван туулахын төлөө 900 орчим ажиллагсадтайгаа нягт хамтран маш их хичээн ажиллаж байна.
Одоогоор нэг ч ажлын байрыг цомхтгоогүй, бүх ажиллагсдаа шинэчилсэн цагийн хуваарь гарган сэлгэн ажиллуулах, боломжтой ажлуудыг цахим хэлбэрт шилжүүлэх, бага насны хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийг өөрөө хүсвэл цалинтай чөлөө олгох зэрэг боломжтой бүхий л хувилбаруудыг ашиглан ажиллаж байна. Бэрхшээл учрахад хүндрэлтэй тулгардаг ч нөгөө талаар хөгжүүлэлт, давуу талуудыг бий болгодог. Манай хамт олон ч технологийн давуу талуудыг өргөнөөр ашиглах, үйл ажиллагаагаа нягтруулах, зардлаа бууруулах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн шинэ ажлуудыг санаачлан хийж байна.
Гэхдээ юм бүхэн хязгаартай байдгийн адил компанийн боломж ч хязгаартай тул Засгийн газрын зүгээс зөв бодлогоор, хурдтай, ур чадвартай ажиллахгүй бол урт хугацаагаар бие даан тэсвэрлэх боломжгүй нь тодорхой. Хүн төрөлхтөн цар тахлын аюултай тулгараад байгаа энэ онцгой нөхцөлд татвар төлж улсын төсвийг бүрдүүлдэг хувийн хэвшлийн салбарт хөдөлмөр эрхэлж, даатгал төлөгчдөд ажилгүйдлийн даатгалын сангаас зохих хэмжээгээр дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ нь даатгалын үр өгөөжийг мэдрүүлэх, улмаар даатгал төлөх эрмэлзлийг нэмэгдүүлэх чухал алхам болно гэж бодож байна. Онцгой нөхцөл байдалтай уялдуулан 2021 оны төсвөө яаралтай тодотгох, төр шаардлагагүй зардал, хөрөнгө оруулалтаасаа татгалзах замаар улсын төсвийн 80 хувь, ажлын байрны 90 орчим хувийг хангадаг хувийн хэвшлийг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлэх шаардлагатай.
Манай улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодитой, тэгш шударга бодлого байдаггүй
Манай улсад үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн бодитой, тэгш шударга бодлого байдаггүй. Тухайлбал, өөрийн салбарт байгаа хоёрхон асуудлыг жишээ болгон яръя. Нэгдүгээрт, дэлхийн нийтлэг жишиг нь дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин бойжуулахын тулд наад зах нь дотоодын үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг импортын барааны НӨАТ-аас доогуур тогтоодог.
Манай улсад ялгаварлалгүй бүх бараанд арван хувийн НӨАТ ногдуулдаг. Нөгөө талаар лобби маягаар зарим салбараа НӨАТ-аас хэсэгчлэн чөлөөлсөн нь гинжин хэлхээнд хамтран ажилладаг бусад салбарт хүндрэл учруулдаг. Жишээлбэл, манай салбарт гэвэл дотоодын гурил үйлдвэрлэгчдийг НӨАТ-аас чөлөөлдөг бол тухайн гурилын хамгийн том хэрэглэгчид болох гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид нь арван хувийн НӨАТ төлдөг нь татварын ачааллыг нэг хэсгээс нөгөө хэсэгт шилжүүлж дарамт үүсгэж байгаа хэрэг. Зүй нь 2-5 хувиар ч юм уу дор бүрнээ татвараа төлдөг зохицуулалттай байвал шударга бөгөөд дотоодын үйлдвэрлэлийг жигд дэмжих оновчтой бодлого болохсон.
Дотоодын үйлдвэрлэгчдэд жигд, импортын бараанаас доогуур НӨАТ тогтоосноор дотоодын үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн үнээр өрсөлдөх чадвартай болж зах зээлээ хамгаалж улмаар экспортын бүтээгдэхүүн болон хөгжихөд чухал нөлөөтэй.
Хоёрдугаарт, “Атрын-III, IV” аян, мах сүүний аян өрнүүлж хөнгөлөлттэй зээл, дэмжлэг олгож, олон улсын төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж, НӨАТ-аас чөлөөлснөөр 2013 оноос хойш энэ салбарууд огцом өсөж одоо дотоодын хэрэгцээний гурилаа бүрэн хангадаг, сүү, сүүн бүтээгдэхүүний импорт 80 хувиар буурч, мах сүүний үйлдвэрлэл хоёр дахин өсөж, махны экспорт жилээс жилд нэмэгдэн бодитой үр дүн гарсаар байна.
Харин манай гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл төрийн бодлогоос гадуур үлдсэнээр 2015 оноос хойш дөнгөж 14 хувиар өссөн, харин энэ төрлийн бүтээгдэхүүний импорт жил бүр нэмэгдсээр байна. ХХААХҮЯ нь хөдөө аж ахуйд түлхүү хандсан бодлого хэрэгжүүлж байгаа нь учир дутагдалтай санагддаг.
Үндсэн хуульдаа нийцүүлэн хүнлэг шийдвэрүүд гаргаж байгаад талархаж байна
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас гаргасан анхны шийдвэр болох 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж буй НДШ, ХХОАТ-ын чөлөөлөлт, хөнгөлөлт нь татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд маш оновчтой дэмжлэг болсон.
Засгийн газраас ус, дулаан,цахилгааны үнийг ирэх оны долдугаар сарын нэгэн хүртэл чөлөөлөх засгийн газрын шийдвэр иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд бодитой дэмжлэг боллоо. Сүүлийн үед хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь илүү иргэддээ чиглэсэн хандлагатай байгаа.
Үндсэн хуульдаа нийцүүлэн хүнлэг шийдвэрүүд гаргаж байгаад талархаж байна. Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн зогсонги байдалд ороод байсан зарим салбаруудын үйл ажиллагааг нээлээ. Одоо иргэд, аж ахуйн нэгжүүд илүү хариуцлага, ухамсартай байдал, халдвар хамгааллын дүрмийг ягштал биелүүлэх, цахилгаан эрчим хүч, ус, дулаанаа хэмнэх зөв хандлага, хүчин чармайлт гаргах цаг үе тохиож байна.
“Жүр үр” компани маань 1992 онд Жүр үр хувиараа эрхлэх аж ахуй нэрээр байгуулагдан хүнсний худалдааны чиглэлээр ажиллаж байгаад 1998 онд анхны бялуугаа үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсэн түүхтэй.
Анх гурвуулаа нэг төрлийн бялуу үйлдвэрлэж эхэлсэн бол энэ 22 жилийн хугацаанд 900 орчим ажиллагсадтай, 30 гаруй нэрийн бялуу, 100 гаруй төрлийн бэйкерийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Арвайхээр, Чойбалсан хотуудад өөрийн 17 салбар, супермаркетуудад найман салбартай, худалдааны томоохон бүх сүлжээ, дэлгүүрүүд, түргэн хоолны сүлжээнүүдтэй хамтран ажилладаг Монгол улсын ТОП 100 компанийн нэгээр 2016 оноос хойш гурван удаа шалгарсан амжилттай компани болон өргөжин хөгжсөн.
2019 оны байдлаар Монгол улсынхаа хөгжил, сайн сайхны төлөө 6.7 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлөөд байна.