УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.18) нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.
Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Сэргэлэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.
Байнгын хороо 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж, энэ талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналуудын хамт нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос дэмжсэн зарчмын зөрүүтэй 11, дэмжээгүй 1, найруулгын 1 багц санал, мөн хамт өргөн баригдсан бусад хуулийн төслийн талаар гаргасан нийт 17 саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулж шийдвэрлэв.
Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалтын 32.3 дахь хэсгийг “Энэ хуулийн 32.1-д заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, энэ хуулийн 32.2-т заасан гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл авах хүсэлтээ тус улсын хил нэвтэрсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана” гэж, 13 дахь заалтын 40.1.7 дахь заалтыг ”Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэний гарах-орох мэдэгдлийг бүртгэх.
Энэхүү мэдэгдлийг гадаадын иргэн гарах-орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ” гэж, мөн зүйлийн 14 дэх заалтын 40.1 дэх хэсгийг “Монгол Улс нь гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай байна.
Гадаадын иргэний виз, бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь төрийн өмч байх бөгөөд улсын хилээр нэвтрэх зорчигчийн бүртгэлийн нэгдсэн сантай холбогдоно” гэж тус тус өөрчлөн найруулахыг нэгдсэн хуралдаан оролцсон гишүүдийн 61.9 хувь нь дэмжив.
Мөн төсөлд “Цахим виз” гэсэн 6/12 дугаар зүйл нэмж “12.1.Цахим виз нь Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцийн 9 дүгээр хавсралтын холбогдох стандартад нийцсэн байна”, “12.2.Цахим виз олгохтой холбогдох харилцааг энэ хуулийн 9.2.1-д заасан журмаар зохицуулна” гэж зохицуулахыг дэмжив.
Түүнчлэн “Визийн төв” гэсэн 7/13 дугаар зүйл нэмж “13.1.Визийн төв нь визийн мэдүүлэг хүлээн авах, хүлээн авсан визийн мэдүүлгийг виз олгох байгууллагад үнэн зөв, шуурхай дамжуулна”, “13.2.Монгол Улсын визийн төвийн үйл ажиллагааг олон улс, эсхүл тухайн улсдаа ийм төрлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн эдгээдээр гүйцэтгүүлнэ”, “13.3.Визийн төвийн байршлыг тогтоох, сонгон шалгаруулах, гэрээ байгуулан ажиллах журмыг Засгийн газар батална” гэж зохицуулахаар тогтлоо.
Төслийн 3 дугаар зүйлийн 3 дахь заалтын 9.2.1 дэх заалтын “тогтоох, виз олгох харилцааг зохицуулах” гэснийг “болон визийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох,” гэж, мөн зүйлийн 8 дахь заалтын 18.1 дэх хэсгийн “120” гэснийг “150” гэж, мөн зүйлийн 10 дахь заалтын 24.4 дэх хэсгийн “буудал, орон байр, сууцаар” гэснийг “орон байраар” гэж, төслийн 3 дугаар зүйлийн 6 дахь заалтын 15.1 дэх хэсгийн “виз олгоно.” гэснийг “виз олгоно. Аялал жуулчлалыг дэмжих зорилгоор өдрийн визийг хил дээр олгож болох бөгөөд тухайн виз нь зөвхөн хил орчмын бүлэг жуулчдад хамаарна” гэж тус тус өөрчлөхийг гишүүдийн 68.8 хувь нь дэмжив.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөл оруулах тухай, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналаар санал хурааж шийдвэрлэн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцлээ.
УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ