Монгол дохионы хэлний хэлмэрч, орчуулагч С.Бямбадэлгэртэй шударга ёсны талаар ярилцлаа.
-Зөв зөвд шударга зөв Зөөлөн зөөлөнд эе зөв гэдэг хэлц үг бий. Бид авлигын эсрэг олон улсын өдрийг угтсан аяны “Зөв зөвд шударга зөв” гэх уриаг энэ санаа авсан юм. Та өмнө нь энэ хэлц үгийг сонсож байсан уу. Утгыг тайлбарлавал?
-Яг энэ үгийг өмнө нь сонсож байгаагүй юм байна. Энэ хэлц үгийг хүмүүс яриандаа бүтнээр нь тэр болгон хэрэглэдэггүй байх. Харин зөв бай, шударга зөв бай гэж ахмадууд сургадаг. Аливаа зүйлд шударгаар хандаж, эв эетэй байж бие биенээ хүндлэн зөвийг хүлээн зөвшөөрч байхыг л хэлээд байгаа юм шиг санагдаж байна.
Би хувьдаа их аятайхан уриа үг сонгосон гэж бодож байна.
-Шударга байх, шударга ёс гэж гэж юуг хэлээд байна вэ?
– Шударга байх гэдэг нь их өргөн ойлголт байх. Товчхондоо үнэн байхыг л хэлнэ. Үнэн, шударга гэдэг ойлголт хүн болгоны хувьд өөр гэж бодож байна. Шударга байдал гэж тодорхой, ил тод, ойлгомжтой, энгийн байх ёстой.
Хүний хөдөлмөрийг зөвөөр үнэлэх, хүн бүрт тэгш боломж олгох, хууль, дүрэм нь хүний сайн сайхан, амар амгалангийн төлөө байх, амлалтаа биелүүлэх, хүнийг хохироохгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, ажил албандаа үнэнч хандах, хүний эрхийг дээдлэх гээд хүн болгон өөр өөрийн итгэл үнэмшлээр тодорхойлох юм болов уу. Хүн ер нь үнэнчээр ажиллаж чин үнэнээр амьдрахыг хэлэх юм уу даа.
Алдаа гаргасан бол түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаг, буруу зүйл хийсэн бол эргээд өөр рүүгээ харж чаддаг байх чанарыг шударга зан чанар гэж ойлгодог.
Шударга байна гэдэг хувь хүний асуудал. Шударга ёс гэдэг нь бүх нийтийн харилцааны асуудал буюу хэм хэмжээ юм уу даа.
-Та шударга хүн мөн үү?
-Түрүүн хэлсэнчлэн шударга гэдгийг хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгодог. Би хувьдаа шударга байхыг хичээдэг. Би ямар ч хүнийг ялгалгүй, ойлгож, туслахыг боддог.
-Та өөрт тохиолдож байсан шударга явдалтай холбоотой жишээнээс хуваалцана уу?
-Зарим хүмүүс үнэхээр сайн ажилладаг, сайн сурдаг, дүрэм журмаа баримталдаг хүмүүсийг хүлээн зөвшөөрөхгүй байдал ажиглагддаг. Хүний аливаад хандах хандлага, мэргэжил боловсрол, авьяас чадвар өөр өөр байхад бусадтай яг ижил байхыг шаардаж байгаа нь тухайн хүнийг шударга бус үйлдэл хийхэд түлхдэг юм болов уу. Тиймээс хүмүүс өөрөө өөртөө үнэнч байгаасай гэж боддог.
Би саяхан “Өнө мөнх эх орон минь” дууг сонсголгүй найз нарынхаа хамт монгол дохионы хэлрүү хэлмэрчлэн СУИС-ийн “Бадмаараг” ахлах сургуулийн найрал дууны хамтлагтай хамтран дуулсан. Ийм сайхан эх орны иргэд бид амар амгалан байж Өнө мөнхийн тэнгэр, уулс, нутаг усаараа бахархан хүндлэн дуулж байгааг сонсголгүй иргэд маань сонсож харж мэдэрч байгаа нь үнэхээр шударга явдал болсон болов уу гэж боддог.
Бид өнөөгийн цаг үед нэг ч хүнийг орхилгүйгээр ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх, эмзэг бүлгийнхэн зэрэг нийгмийн бүхий л бүлэгтэй хамтдаа хөгжиж, урагшлах ёстой.