Стандарт, хэмжил зүйн газраас стандартчиллын 2021-2022 оны хөтөлбөрт 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл санал авч, тухайн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах юм байна.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3.1, 27 дугаар зүйлийн 27.1.3 дахь заалтыг үндэслэн Стандартчиллын 2021-2022 оны хөтөлбөр /цаашид “Хөтөлбөр” гэх/-т холбогдох байгууллагуудаас санал авах ажил үргэлжилж байгаа аж.
Тус хөтөлбөрт саналаа ирүүлэхдээ дараах баримт бичгүүдтэй сайтар уялдуулах шаардлагатай юм байна.
Үүнд: Монгол Улсын хууль, тогтоомж, бодлогын баримт бичиг, дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, УИХ-ын 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 87 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий Сайдын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар захирамжийн дагуу 2018 онд зохион байгуулсан “Үндэсний стандартын шинжлэх ухаан техникийн түвшинд хийсэн улсын үзлэг”-ийн дүн байх юм.
Мөн хөтөлбөрт тусгасан стандартын төслийг боловсруулах хугацаа, санхүүжилтийн шийдвэрлэгдсэн байдал зэргийг харгалзан саналыг эрэмбэлэх юм байна.
Б.Эрдэнэ