Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байна.
Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг цорын ганц өлгий бол Хар-Ус нуур юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар уг газарт 80 гаруй хотон шувуу өндөглөн зуссан. Орон нутагт нэн ховор амьтан болох хотон шувууг хууль бусаар агнах, гэмтээх тохиолдол гарсаар буй.
Тодруулбал, Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт нэгэн хотон шувууны баруун далавч гэмтсэн, нисэж чадахгүй байдалтай олджээ.
Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн, биологич Ц.Ганболд, Д.Эрдэнэчимэг, байгаль хамгаалагч Ш.Энхээ нар тус шувууг өнгөрсөн 11 дүгээр сарын 09-ний өдөр олж, холбогдох байгууллагад мэдэгдэн, Жаргалант сумын Баатархайрхан багт авч иржээ. Улмаар зориулалтын байр байхгүй учраас нэг сар гаруй хугацаанд монгол гэрт ийнхүү тэжээж байна.
Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон тус шувуунд “Азбаяр” хэмээх нэр өгчээ.
Шувууны хооллох, усанд оруулах зэрэг арчилж маллах ажлыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын зөвлөмжийн дагуу биологич Ц.Ганболд хариуцан гүйцэтгэж байна.
Тэрбээр хоёр өдөрт нэг удаа ванны усыг сольж, өдөрт 5-6 загасаар хооллодог. Биологич Ц.Ганболд нь өнгөрсөн 2018 онд “Аз хүү” хэмээх шархадсан хотон шувууг мөн эмчилж, монгол гэрт тэжээсэн туршлагатай.
Энэ удаа биологич Ц.Ганболд хотон шувууг анх олсон цаг хугацаа, тухайн үйл явдал, бодит байдлыг харуулсан “зургийн цомог” үүсгэсэн байна. Ингээд хотон шувууг сонирхохоор ирсэн иргэдэд нээлттэй танилцуулж, тэдэнд сэтгэгдэл үлдээх, нэн ховор амьтныг ойрын зайнаас, бодитоор харах, танин мэдэх боломж олгож байна.
Биологич Ц.Ганболд “халтар шунгуур” шувуу тэжээж байна
Тэрбээр хотон шувуунаас гадна халтар шунгуур гэх нэртэй шувууг тэжээж байна. Уг шувуу нь энэ жилийн төл аж. Түүнд ямар нэгэн гэмтэл байхгүй. Ижил сүргээсээ төөрч, нүүдэллэж чадаагүй, ганцаараа үлджээ.
Одоогийн байдлаар арчилж маллах талаар хүндрэл бага боловч хоол идэхгүй байгаа. Иймээс холбогдох судалгаа хийж, зөвлөмжийн дагуу анхаарч ажиллаж байгаа гэж Биологич Ц.Ганболд хэллээ.
Эдгээр шувууг ирэх зургаадугаар сард ижил сүрэгт нь нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Ховд : МОНЦАМЭ