Парисын шүүх “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци, еврейчүүдийн дэлгүүрт 5 жилийн өмнө гарсан халдлагад холбогдох этгээдүүдэд ял оногдууллаа. Нийт 11 хүнийг энэ хэргээр шүүснээс 3 нь халдлагын өмнөхөн Сири рүү зугтаж гарсан учир эчнээ ял оноосон байна. Гэмт этгээдүүд 4 жилээс бүх насаар нь хорих ял сонссон аж.
Энэ хэрэгт холбогдсон Мохамед Белусинд бүх насаар нь хорих ял оноосон. Түүнийг энэхүү халдлагыг санаачилсан хүн гэж үзэж байна. Тэрбээр Парисын алан хядагчдын нэг Амеди Кулибалитай шоронд байхдаа танилцаж, улмаар халдлага үйлдэх сэдлийг нь өгчээ. Белусин халдлагаас өмнөхөн Сири рүү зугтаж гарсан, тэнд амиа алдсан гэсэн албан бус мэдээлэл байдаг.
Харин Али Риза Полата, Хаят Бумедьен нар алан хядах ажиллагаанд оролцсоноо хүлээн зөвшөөрсөн байна. Тэднийг халдлагад шууд бусаар оролцсон, гол алан хядагчид болох ах дүү Куаши, Кулибали нарын ойрын хамсаатнууд гэж үзжээ. Хаят Бумедьенд эчнээ ял оноосон бол Кулибалигийн “баруун гар” гэгддэг Али Риза Полата давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Шог зургийн “Charlie Hebdo” сэтгүүлийн редакци 2015 оны нэгдүгээр сарын 7-нд халдлагад өртөж, тус редакцийн 9 ажилтан, 2 цагдаа гээд нийт 12 хүн амиа алдсан түүхтэй. Энэхүү халдлагын хариуцлагыг “Аль Кайда” бүлэглэл хүлээсэн байна. Халдлага үйлдсэн ах дүү Куаши нар энэ сэтгүүлээс зөнч Мухаммедыг шоглон зурсанд эгдүүцэж, өс хонзонгоо авсан гэжээ. Халдлага гарсны маргааш ах дүү хоёрыг тусгай ажиллагааны үеэр хөнөөсөн. Энэ үеэр ах дүү 2-ын найз Амеди Кулибали Парисын еврейчүүдэд зориулсан супермаркетыг барьцаалан авч, 4 хүний аминд хүрсэн юм. Цагдаа нар Кулибалиг дэлгүүр лүү дайран орох үеэрээ бууджээ.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта