ИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийг боловсруулахдаа Хүний эрхийн төлөө олон улсын байгууллагаас (ISHR) гаргасан “Хүний эрхийн хамгаалагчийг хүлээн зөвшөөрөх, хамгаалах тухай” загвар хуульд тулгуурлан Хүний эрхийн Үндэсний Комиссын “Хүний эрхийг хамгаалагчийн эрхийн хэрэгжилт” болон “Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаа болон “Хүний эрхийн төлөө олон улсын байгууллага”-аас дэлхийн 40 гаруй улс орнуудын хууль тогтоомжид хийсэн судалгаа, НҮБ-ын тусгай илтгэгчийн зөвлөмж, НҮБ-ын ХЭДКГ-аас хуулийн төсөлд өгсөн санал, 2019 оны 9 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд ХЭҮК, Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан зөвлөлдөх уулзалтад оролцсон талуудын илэрхийлсэн санал зэрэг холбогдох материалыг ашигласан болохыг хууль санаачлагч УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.
Хуулийн төсөл нь 4 бүлэг 15 зүйлтэй. Хуулийн төслийн нэгдүгээр бүлгийн нэр томъёоны хэсэгт “хүний эрхийн хамгаалагч” гэж хэн болох, “хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хүндэтгэх, хамгаалах, хангах”, “хүний эрхийн хамгаалагчийн эрхэд халдах” үйлдлийг тусгайлан тайлбарласан. Мөн “Хуулийн үндсэн зарчим” хэсэгт хүний эрхэм чанарыг хүндэтгэх, ёс зүйтэй байх зарчмыг тусгаснаар аливаа этгээдийн үйл ажиллагаанд удирдлага болгох чиглэлийг хуульчилсан байна.
Мөн Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд байгуулах бөгөөд тус хорооны гишүүд нь одоо чиг үүргээ гүйцэтгэж байгаа төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэн ажиллахаар тусгажээ. Тус хорооны бүрэлдэхүүнд ажиллах иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд тодорхой шалгуур тавьсан нь иргэний нийгмийг чадавхжуулах, дэмжих зорилготой бөгөөд хамтын шийдвэрээр анх удаа нэр дэвшүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монгол Улс хүний эрх ноцтой зөрчигдөж байгаа орны нэг. Манай улсад Үндсэн хуулиар тунхаглагдсан 18 эрх бүгд зөрчигддөг. Үйлдвэрлэлийн ослоор жилд 200 орчим замын ослоор 600 орчим хүн амиа алддаг. Дайн байлдаантай улсаас илүү иргэдийн эрх зөрчигдөж байна. Дөнгөж саяхан хүний эрхийн комиссын таван гишүүнийг томилоод явуулсан.
Хүний эрхийн комиссыг шүдгүй арслан байхад нь шүдтэй арслан болгосон. Хүний эрхийг хамгаалах байгууллагын тогтолцоог Монголын хөрсөнд яаж буулгах вэ? Хүний эрхийг хамгаалж байгаа хүмүүсийн нэр төрд халддаг, дарамталдаг зүйл Монголд бий гэсэн судалгаа байна. Хуулийн төсөл батлагдсанаар хүний эрхийг хамгаалагчдыг хэрхэн хамгаалах вэ?
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хүний эрхийн үндэсний комиссынхон энэ хуулийг боловсруулахад идэвхтэй оролцсон. Хүний эрхийн комисс гээд байгууллагын хүрэхгүй байгаа саарал орон зай байгаа. Тийм учраас энэ байгууллагыг ажлаа хийхгүй байна гэдэг зүйл яригддаг. Хүний эрхийн комисс дангаараа энэ ажлыг хийнэ гэвэл хүч нь хүрэлцэхгүй учир нийгэм даяараа оролцох ёстой.
Өдөр болгон анзаарагдахгүйгээр хүний эрх зөрчигдөж байна. Энэ болгоны хүний эрхийг хамгаалагчид өөрсдөө судлах нь зүйтэй. Хүний эрхийг хамгаалах үүрэг бүгдэд нь байгаа. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ тогтолцооны эрх зүйн байдал баталгаажиж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Бид ардчилалд асар том алхам хийж хүрсэн. Иргэнийх биш элит, дарга, төрийн ардчилал тал руу явчихсан байх. Иймээс иргэн төрөө байгуулдаг, иргэдийн эрх гэдэг асуудал нэг талдаа бүдгэрсэн. Хүний эрхийг хамгаалагч гэдэг зүйл томоороо үр дүнд хүрч болох юм.
Иргэн бүр өөрийнхөө эрхийг хамгаалагч байхын тулд юу хийх ёстой вэ? Яг үнэндээ иргэд өөрийнхөө эрхийг мэдэхгүй байдал маш их байдаг.
Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт: О.Цогтгэрэл гишүүний хөндөж байгаа асуудал их чухал. Чуулганаар энэ хуулийн төслийг баталчихвал давхцлыг арилгах ажлын хэсэг байгуулъя. Элитийн, даргын ардчилал гэдэг зүйл дээр анхаарах цаг нь болсон. Хамгийн их орхигдож байгаа асуудал бол хэн мөнгөтэй, хэн хэл амтай нь, хэн эрх мэдэлтэй нь бусдын эрхийг зөрчдөг асуудал байна.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй хүнд дээрэлхүүлж байгаа иргэдийн эрхийг хангуулах тал дээр анхаарах цоорхой байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд хүний эрхийн хороо ажиллаж, энэ хуулийг хэрэгжүүлэх чиглэлд анхаарна.