Орхон аймагт нийтдээ 36,437 хүнд шинжилгээ хийгээд байна. Өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хийсэн шинжилгээнүүдийн хариу сөрөг гарсан. Ингээд сүүлийн ес хоногт коронавируст халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй.
Аймгийн хэмжээнд тандалтын зорилгоор 926 хүнээс шинжилгээ авчээ. Мөн “Нэг өрх – нэг шинжилгээ” үйл ажиллагаа явагдаж байна.
Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д одоогоор манай аймгийн 15 хүн эмчлэгдэж байна. Нийт 25 тохиолдлын 10 нь эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжсэн. Эмчлэгдэж буй 15 тохиолдлын 10 нь том хүн, тав нь хүүхэд байна. Халдварын голомттой бүсээс ирсэн 3,551 иргэн одоогоор гэрийн ажиглалтад байгаа юм байна.
Эрсдэлийн үнэлгээгээр өмнө нь “маш өндөр” гэж үнэлэгдэж байсан бол долоо дахь удаагийн үнэлгээгээр халдвар тархах эрсдэл “өндөр” гэж үнэлэгджээ.
Улаанбаатар хотоос өчигдөр таван автобусаар 115 иргэн, 47 хувийн тээврийн хэрэгслээр 187 иргэн гээд нийт 298 иргэн Орхон аймагт очжээ.
Л.Баяр