АТГ-аас өнөөдөр “GOOD HABITS-20″ буюу “Зөв дадал-20” дижитал чуулганыг эхлүүлж байна. Чуулганыг улсын хэмжээнд өрнүүлж буй авлигын эсрэг “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяны хүрээнд зохион байгуулж байна.
Аян болон өнөөдрийн чуулганы хүрээнд нийгэмд шударга ёсны үнэ цэнийг таниулах зорилгоор үзэл санааны соён гэгээрүүлэгчдийг хамруулахаар бэлтгэж байна.
Дижитал чуулганаар зөв дадлаар өөрcдийн одоогийн амжилтыг бүтээсэн салбар салбарын төлөөлөл, соён гэгээрүүлэгч, зочин илтгэгч нар өөрсдийн зөв дадлаа хуваалцаж залуусыг шударга ёсны үнэ цэнэ, зөв хандлагад уриалах юм.
Дижитал хэлэлцүүлгийн илтгэгчээр нийтлэлч, эдийн засагч Д.Жаргалсайхан, хүний эрхийн активист, зохиолч Ц.Оюунгэрэл, “Сайн сургуулийг таны дэргэд” ТББ-ын тэргүүн П.Наранбаяр, “Үнэгүй фитнесс” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Л.Саруулбат, “Өрөг.мн” сайтыг үүсгэн байгуулагч, сэтгүүлч Б.Болорчимэг, топ модель Э.Энхболд, рэппэр Big Gee, англи хэлний багш, комедиан Н.Амаржин, рэппэр NMN нарыг сонгожээ. Иргэд, залуучууд “GOOD HABITS-20” дижитал чуулганд АТГ-ын Олон нийтийн төв цахим хуудас болон “Лайв телевиз” (LiveTV), www.livetv.mn сайтын шууд дамжуулалтад холбогдон өнөөдөр 19.00 цагт оролцох боломжтой талаар АТГ-аас мэдээллээ.