Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан цахилгааны хэрэглээний төлбөрийг төр даах болсонтой холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ нэмэгдсэн талаар мэдээллээ. Энэ янзаараа хэрэглээ нэмэгсэн хэвээр байвал цахилгааны хязгаарлалт хийхээс өөр арга байхгүй гэдгийг иргэд, олон нийтэд сануулж байна. Цахилгааны хязгаарлалтад орохгүйн тулд илүү хэрэглээнээсээ татгалзаарай гэдгийг дахин дахин захив.
Ялангуяа оройн 17-21 цагийн хооронд халаагуур битгий залгаарай гэж айл өрхүүдэд захисан бол аж ахуй нэгжүүдэд цахилгааны хэрэглээгээ дээрх цагуудаас өмнө ачааллах боломжтой шүү хэмээн анхаарууллаа.
Тэрбээр ” ОХУ-аас жилд 350 орчим сая кВт эрчим хүч авч байна. 1 кВт цахилгааныг 243 төгрөг орчим байгаа. БНХАУ-аас жилдээ 1,3 тэрбум кВт цахилгаан импортолж байгаа. Түүнийг Оюутолгойн үйлдвэрт ашиглаж байна.
Цахилгааны хэрэглээ огцом өсвөл хязгаарлалтад орж болзошгүй гэдгийг хаана хаанаа ойлгож, хамтарч ажиллах хэрэгтэй байна. Тэгвэл бид эрсдлийг даван туулахад дөхөм болно.
Их ачаалал 17:00-21:00 цагийн хооронд болсон бөгөөд өчигдрийн байдлаар 1,300 МВт хүрсэн. ОХУ-оос импортоор 245 мянган МВт аваад дотоодын бүх үйлдвэрлэл явахад арай гэж хангасан. Энэ сарын 15 буюу өнөө өглөө 11:00 цагийн үед ачаалал 1,150 МВТ хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 100 МВт-аар илүү байлаа. Үүнээс харахад хэрэглээ эрс ихсэж байгаа нь мэдэгдэж байна.
Иргэд, аж ахуй нэгжүүд оройн 17-21 цаг, өглөө 11 цагийн үед цахилгааны хэт их ачаалал өгөхөөс зайлсхийж, хэрэглээ нэмэхгүй, халаагуур залгахаас зайлхийх хэрэгтэй байна” хэмээв.
Өчигдрийн байдлаар өглөөний 11 цагт цахилгааны хэрэглээ 1150 мГв-т хүрч, ачаалласан байна. Харин оройн 17-21 цагт 1300 мГв-т хүрч ачааллажээ. Энэ янзаараа ачаалал нэмэгдвэл нийтээрээ эрчим хүчний хязгаарлалтад орох нь ээ.
Мөн цахилгааны хэрэглээ үнэгүй болсон юм биш. Харин хэрэглээний төлбөрийг төр даах болсон гэдгийг сануулав.
Н.БАТАА