Перу улсад Хятадад үйлдвэрлэсэн коронавирусээс сэргийлэх вакцины туршилтыг зогсооожээ. Ийнхүү зогсоох болсон нь оролцогчдын нэг мэдрэлийн гаралтай шинж тэмдгүүд үүссэн талаар Перугийн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн мэдэгдсэн байна.
Тодруулбал, сайн дурын оролцогчдын нэгд Гийен-Баррегийн синдром илэрсэн бөгөөд ийм үед булчин сульдах, үе мөч саажих зэрэг захын мэдрэлийн системүүд гэмтдэг байна.
Перуд Хятадын Синофарм компанийн боловсруулсан вакциныг туршиж байгаа юм. Энэ туршилтад 12 мянган сайн дурын хүн оролцож байгаа бөгөөд туршилт амжилттай дуусвал Перу улс хүн амынхаа гуравны хоёрт зориулж 20 сая тун вакцин авахаар төлөвлөж байгаа аж.
Энд дуулгахад, Хятадад таван вакцин туршилтын сүүлийн шатандаа явж байгаа юм. Үүний нэг болох CanSino Biologics эмийн компани боловсруулсан коронавирусийн эсрэг Ad5-nCoV вакцины олон улсын клиникийн судалгаа 12 дугаар сарын наймны өдөр Орост эхэлсэн. Хятадын энэхүү вакцин нь Оросын “Спутник V” вакцинтай олон талаар адилхан бөгөөд гэхдээ Оросын вакциныг хоёр тунгаар тариулах шаардлагатай бол Хятадын CanSino компанийн тарилгыг ганц удаа л тариулах шаардлагатай аж.
CanSino компанийн бэлдмэлийн талаар олон улсын хэвлэлүүдээр төдийлөн тодорхой мэдээлэл гараагүй ч Хятадын вакцин өнгөрсөн зуны туршид барууны орнуудын вакцинуудаас судалгааны хуваариараа түрүүлж байсан гэж bfm.ru мэдээлсэн байна. Энэ вакцины туршилтын эхний шатны үр дүнг зургадугаар сард The Lancet (shuud.mn: анагаах ухааны хамгийн эртний, хамгийн алдартай сэтгүүлүүдийн нэг) сэтгүүлд нийтлүүлж байсан бол хоёр дахь шатны дүнг наймдугаар сард сэтгүүлд нийтлэж байжээ.
Эх сурвалж: Shuud.mn
Г.Бямбасүрэн