Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон өнгөрсөн нэг сарын хугацаанд согтуугийн дуудлага 4267 буюу 67.4 хувиар, эрүүлжүүлэгдсэн хүн 2717 буюу 65.5 хувиар тус тус буурчээ.
Энэ хугацаанд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон юм. Гэвч тухайн хугацаанд цахим орчинд болон бусад хэлбэрээр архи, согтууруулах ундаа худалдах зөрчил нэмэгдэж, цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар 403 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв.
Зөрчлүүдэд шийтгэл оногдуулахаар шүүхэд хүргүүлснээр согтууруулах ундаа худалдсан 28 ААН, байгууллагыг 41.7 сая төгрөгөөр, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан 138 хүнийг 79.7 сая төгрөгөөр тус тус торгож, 62 хүнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулаад байна. Одоо 175 зөрчилд хариуцлага тооцуулахаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.
Эрүүгийн цагдаагийн албанаас цахим орчинд архи, согтууруулах ундаа худалдан борлуулах зар, мэдээлэл байршуулсан 89 фэйсбүүк хаягийг олж тогтоон 11 хаягийг устгуулан, нийт 89 фэйсбүүк хаяг, байршуулсан постыг устгуулах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.
Гар дээрээс архи, согтууруулах ундаа худалдан борлуулсан үйлдэл нь Зөрчлийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсхүл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” зохицуулалттай юм.
Мөн хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасныг зөрчиж байгаа хэрэг юм.
Ер нь хууль бусаар олсон орлого, зарж борлуулж байсан архи, согтууруулах ундааг хурааж, иргэнийг 500.000 төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоног баривчлах, хуулийн этгээдийг 5.000.000 төгрөгөөр торгоно гэсэн үг юм.
Бүх нийтийн бэлэн байдлыг зэргийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн өнөөдрийн нөхцөлд Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1280 дугаартай захирамж гарч, үүгээр үйл ажиллагааг нь хязгаарлах 18 салбар, чиглэлийг тогтооггод байна.
Уг захирамжийн хавсралтад зааснаас бусад худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж /18 хувиас дээш/ бүхий согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоод байгаа юм. Цагдаагийн байгууллагаас дээрх шийдвэрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар