УИХ-ын сонгуультай зэрэгцэн явагдсан улстөрчдийн баривчилгааны нэг нь Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тохиолдол багтана. Сонгуулийн сурталчилгаан дундуур саатуулагдсан хэд хэдэн нэр дэвшигчдээс Ж.Эрдэнэбат ганцаараа ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдох эрх авсан ч тэрбээр өнөөдрийг хүртэл хоригдож байгаа юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй байхдаа баривчлагдаж, хагас жилийн турш УИХ-ын гишүүний эрхтэй хоригдож байгаа Ж.Эрдэнэбатын өмгөөлөгчид болон УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд “Монгол Улсад парламентын гишүүний эрх ноцтойгоор зөрчигдсөн” гэдэг асуудлаар Олон улсын парламентын хорооны Хүний эрхийн хороонд өргөдөл илгээж хариугаа авчээ.
Дэлхийн 179 улс орны парламентын гишүүнчлэлээс бүтдэг Олон улсын парламентын холбоо нь: Эрх нь зөрчигдсөн парламентын гишүүний хэргийг судалж үзээд саатуулагдсан парламентын гишүүнийг суллах, өмнө нь чөлөөлөгдсөн парламентын суудалд эгүүлэн тогтоолгох, хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгуулах, зөрчлийг мөрдөн шалгах, буруутай этгээдэд хууль ёсны дагуу арга хэмжээ авах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байгууллага юм.
Мөн Парламентын гишүүдэд үүсгэсэн хэргийг зохистой байдлаар шийдэгдэж дуусах хүртэл уг хэргийг хаалгүй, хэргийг зохистой шийдвэрлүүлэх талаар зогсолтгүй үйл ажиллагаа явуулдаг аж. Тус холбоо Монгол Улсын парламентын гишүүний асуудлыг хоёр дахь удаа авч хэлэлцэж байгаа бөгөөд эхнийх нь УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зоригийн хэрэг байсан юм.
Сонгуулийн сурталчилгааны өдрүүдэд баривчлагдсан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэргийн тухайд Олон улсын парламентын холбоо Монгол Улсад хэрэг үүсгэн
– Мөрдөх ажиллагаа хууль журмын дагуу явагдаагүй
– Шүүх хурал шударга бус явагдсан.
– Парламентийн гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн хэмээн үзжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр хэвлэлүүдэд тайлбар өгөхдөө “УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон МАН-ын зүгээс ОУПХ-нд хандсан. ОУПХ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хэргийг шийдэхдээ Парламентын гишүүний халдашгүй эрхийг зөрчсөн гэж үзсэн. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл ОУПХ-ны төлөөлөгчид Монгол Улсад ирж ажиллаж, Ж.Эрдэнэбат гишүүнд үүсгэсэн хэрэг, шүүх хурлын материалтай танилцах боломжтой гэсэн хариулт өглөө.
ОУПХ-ны гаргасан дүгнэлтээс хархад манайд дэгдсэн энэхүү хэрэг НҮБ, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагуудын анхааралд хүрвэл Монгол Улсын засаглал, шүүхийн шударга тогтолцоотой асуудал хөндөгдөж, улс орны нэг хүндэд сөрөг үнэлгээ өгөх хэмжээнд нөлөөлж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Б.Оргил