Өнөөдөр өглөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотод хорио цээрийн дэглэмийг сулруулж, “бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-ийг “өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” болгон бууруулахаар шийдвэр гарсан билээ.
Гэхдээ энэ үед хувь хүн бүр хөл хориог сулруулсан гэж сэтгэл амран, анхаарал болгоомж алдаж огт болохгүй ба та өөрийгөө, гэр бүлээ хамгаалах нь нэн тэргүүний асуудал мөн. Тэгвэл бид хамгийн түрүүнд юу юуг анхаарах ёстой вэ?
Коронавирусийн халдвар (COVID-19)-ын адил амьсгалын замаар дамждаг вирусүүд нь салст эсвэл вирус агуулсан агаар дусал хэлбэрээр таны нүд, хамар, хоолойгоор дамжин хүний биед нэвтэрч тархдаг. Олонх тохиолдолд вирус нь нэг хүнээс нөгөө хүнд гараар дамжин тархдаг. Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм.
Гараа хэрхэн зөв угаах талаар та бүхний мэдвэл зохих зөвлөгөөг хүргэж байна.
Гараа угаахдаа бид юунд анхаарах вэ?
Бид гараа савандаад усаар зайлаад цэвэрхэн боллоо гэж боддог бол тийм биш ээ. Бид зохих зөв алхамыг хийснээр гараа бүрэн ариутгаж, цэвэрлэж чадна. Энд дарна уу.
Гараа угаахдаа ямар хугацааг зарцуулах вэ?
Хамгийн багадаа 20-30 секунд гараа угаана гэж зөвлөдөг. Гэхдээ илүү үр дүнтэй угаая гэвэл Төрсөн Өдрийн дууг 2 удаа дуулахтай тэнцэх хугацаанд угаавал илүү үр дүнтэй.
Тэгвэл хэзээ гараа угаах вэ?
- Ханиалгаж, найтаалгасны дараа тогтмол гараа угаах
- Олон нийтийн газраар явсны дараа
- Гадуур ямар нэгэн зүйлд хүрсэн эсвэл цаасан мөнгөнд хүрсэн тохиолдолд
- Өвчтэй хүнийг асарсны дараа
- Хоолоо идсэний өмнө болон дараа
- 00 өрөөнд орсны дараа
- Хүүхдийн живх солих үед
- Бохир зүйлд гараараа хүрсний дараа гараа заавал угааж заншаарай.
Гараа халуун усаар угаах ёстой юу?
Та бактерийн эсрэг саван хэрэглэхгүй л бол хүйтэн, халуун аль ч усаар угаасан нянг устгаж чадахгүй.
Гараа алчуураар хатаах хэрэгтэй юу?
Нян хуурай арьстай харьцуулахад нойтон арьсанд илүү тархдаг учир гараа бүрэн хатаах нь чухал юм. Тиймээс та цаасан алчуур эсвэл цэвэр даавуун алчуур хэрэглэж гараа бүрэн хатаагаарай.
Коронавирусын тархалтыг зогсооход би юу хийж чадах вэ?
Үүнд иргэн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстой. Та шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байж, маскаа тогтмол зүүн, хувийн ариун цэврээ сахиж, гараа тогтмол угааснаар аюулт өвчнийг таслан зогсооно.
Л.Баяр