Засгийн газрын шийдвэрээр гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж нэр бүхий 18 байгууллагаас бусад аж ахуй нэгжийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн эхлүүлж байгаа билээ. Үйл ажиллагаагаа эхлүүлж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд цахим мэдээллийн системийг ашиглах нь эрсдэлээс хамгаалах, эрсдэл учирсан тохиолдолд яаралтай хариу арга хэмжээ авах зэрэгт чухал ач холбогдолтой юм.
Аж ахуйн нэгжүүд арванхоёрдугаар сарын 14-өөс эхлэн өөрсдийн QR кодыг үүсгэж, үйлчлүүлэгчдийн нүдэнд ил харагдах газарт зайлшгүй байрлуулна. Энэхүү кодыг үүсгэхийн тулд qr.119.mn сайт руу нэвтэрч байгууллагын нэр, хаяг, байршил, холбоо барих утасны дугаарыг бүртгүүлэх шаардлагатай юм. Харин үйлчлүүлэгчид энэхүү кодыг өөрсдийн Е баримт аппликейшнд уншуулж хэвших хэрэгтэй гэж Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга О.Чинзориг хэлж байлаа.
Цахим системийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд өдөр тутам хэрэглэснээр үүсэж болох эрсдлээс өөрсдийгөө бүрэн хамгаалах боломжтой. Иргэд үйлчлүүлсэн үйлчилгээний газар бүрт QR кодыг уншуулсанаар өөрийн дамжин өнгөрсөн зам, обьектын мэдээллийг хадгална гэсэн үг. Эрсдэл үүссэн тохиолдолд иргэдийн мэдээллийг цаг алдалгүй цахим хэлбэрээр шүүж, маршрутыг тодорхойлон хавьтагчдыг шуурхай илрүүлэх боломжтойг тэрбээр онцолж байсан юм.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс