Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа Амгалан гаалийн байцаагч болон түүний хүүгээс коронавирус илэрсэнтэй холбогдуулсан мэдээлэл өглөө.
Тэрбээр хэлэхдээ “Өчигдөр Амгалан өртөөний гаалийн байцаагч болон түүний хүүгээс коронавирус илэрсэн. Ойрын хавьтал 58 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Хоёрдогч хавьтлын 100 гаруй хүнээс шинжилгээ авсан, тэдэн дундаас одоогоор коронавирус илрээгүй байна. Мөн нийслэлийн гаалийн 150 хүнийг өнөөдөр шинжилгээнд оруулна.
Коронавирусийн халдвар агаар дуслын замаар халдварлаж байгаа. Улаанбаатар хот бол коронавируст халдварын голомт. Үүссэн голомтын нэг, хоёр дахь хавьтлыг илрүүлж, эхний 14 хоногийн ажиглалт тандалтыг хийж, эхнээс нь 3-4 шинжилгээгээр илрээгүй хүмүүсийг гаргаж байна. Тандалтын шинжилгээг өргөн хүрээнд явуулж, ялангуяа сэжигтэй цэг, хүнсний захууд, газруудад өргөжүүлсэн тандалт хийж байгаа. Энэ дундаас халдвар илрэх магадлалтай.
Цар тахлын вирус гарсан үед хэдхэн хүнийг тусгаарлачихаад дахиад Монгол Улсад, масс дундаас гарахгүй гэж хэлж чадахгүй.
Яагаад гэвэл батлагдсан тохиолдол хавьтлаа хэлэхгүй байх, мартаж санах асуудал бий. Мөн хавьтлын хавьтал маш өргөн хүрээнд байгаа учраас сэжигтэй бүс, газруудад өргөжүүлсэн тандалтын шинжилгээнээс нэг, хоёр тохиолдол илрэхийг үгүйсгэхгүй. Энэ дундаас илэрсэн даруйд ХӨСҮТ мэдээлж, холбогдох байгууллагуудтай яаралтай арга хэмжээ авч ажиллаж байгаа. Нэг халдвар гарахад Монгол Улс хүн ам дундаа алдчихлаа гэж хүн ардаа айлгаж, халдвар авсан хүмүүсийг ичээхгүй байхыг хүсье. Халдварт өвчин нуух тусам нэмэгддэг учраас бид мэдээллээ ил тод зарлаж байгааг хэлье” гэлээ.
Л.Баяр