УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн залуу хүмүүс байгаа. Тухайлбал Данийн Засгийн газрын гишүүд бүгд 35-аас доош настай. Тэд маш амжилттай удирдаж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу?
Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ бий. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна.
Ерөнхийлөгч 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэдэг. Гэтэл та нар хэлэлцэж байгаад 50-аас дээш болоод явчихсан. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй.
Монгол хүмүүс ардчиллаа хамгаалмаар байна. Ирэх зургаан жил Монгол Улсыг удирдах төрийн тэргүүн нь хамгийн сайн гадаад худалдааны эксперт л байх ёстой. Тийм хүнээ сонгон шалгаруулах чиглэл рүү хуулийн төслийн бичилтээ түлхүү хиймээр байна.
Монголд ардчилсан сонгууль гэж байхгүй. Шүүгч нар бүхэл бүтэн хуулийг нүдээ аньж байгаад өөрчилж байна.
Нэг удаа Ерөнхийлөгч байсан хоёр дахь удаагаа сонгогдох эрхтэй юу? Үүнийг хуульд хэр тодруулж өгсөн бэ? Би бол байхгүй гэж бодож байна. Зарим нь 2024 оноос эхлэх олон заалт байгаа. Нэг жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх үндсэн заалт бий. Гэтэл бид нар сонгууль дөхөхөөр хуулиа өөрчилдөг.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг процессын хууль. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, тавигдах шаардлага зэрэгтэй холбоогүй.
2015 онд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг нэг болгоод бантан хутгачихсан. Ямар ч байсан эдгээр сонгуулийг хуулийг тусад нь болгосон. Сонгууль бүхэн өөрийн онцлогтой болдог. Та хүртэл мэдэж байгаа шүү дээ.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Бид хуулийн дагуу энэ төслийг боловсруулсан.
Энэ оны тавдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн дотор 30 дугаар зүйлийн хоёрт Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шалгуур байгаа.
Үүний дагуу бид процессын хуулийн төслөө боловсруулж оруулж ирсэн. 50 нас хүрсэн гэдгийг хэн ч өөрчлөх боломж байхгүй
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Процедурын шинжтэй 71 санал хураах юм байна л даа. Надад асуух юм байхгүй болсон. Бид өөрсдөө хуулиараа зардлаа өсгөөд байна. Нэг хүнд ногдох сурталчилгаа хийдэг хүний тоо гэдгээ болих хэрэгтэй. Дөрөвхөн хүний санал тоолох учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох хэрэгтэй. Намайг Ерөнхий сайд байхад нөгөө Мөнхбат гэж нөхөр дээл өмсөөд л талбай дээр хар машин шатаасан шүү дээ. Тэрнээс хойш хар машинд хайртай болсон байна лээ. Би хартай болчихоод байгаа юм. Хар машин хаана байгаа вэ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би тантай санал нэг байна. Манайх сонгуулийн зардал хамгийн өндөртэй орнуудын нэг байна. Сингапур улс л гэхэд нэг хүнд нэг сингапур доллар байна гэж байгаа юм. Сонгуулийн зардлыг хөөсрүүлдэг, өсгөдөг нөхцөл байна. Цаашдаа улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, мөнгөнөөс хамааралтай сонгууль хийдгээ болих хэрэгтэй байна. Нэр дэвшигчдэд гарааны ижил нөхцөл олгож, зардал ижил байхад анхаарах хэрэгтэй байна.
Б.ИРЭЭДҮЙ